Аялал жуулчлалыг хөгжүүлэх үү, ашигт малтмалаа ухах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үү, ашигт малтмалаа ухах уу?

Ноолуур 70 мянган төгрөгт хүрч байна

Аялал жуулчлалын гол түшиц газраар нэрлэгдэх болсоор багагүй хугацааг
үдээд буй Хөвсгөл аймагт өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдийн баг ажиллав.
Улаанбаатар хотоос 670 км-ын зайд орших ч агаарын хөлгөөр зорчиход
ердөө 1.20 цаг нисээд л Мөрөн суманд бууна. Зүйрлэвэл, нийслэлчүүдийг
авто машиныхаа түгжрээнд багтарч явах зуур буудаллачихаж байгаа хэрэг л
дээ. Гэхдээ энэ аймгийнханд улаанбаатарчуудын нэгэн адил гамшиг
нүүрлэсэн нь утаа. Хүн амын өсөлт, хөдөөнөөс шилжин ирэх иргэдийн тоо
саарахгүй байгаа нь гэр хорооллын өрхүүдийн хаяаг жилээс жилд тэлж тэр
хэрээр утаатай тэмцэх ажилд бэрхшээл учруулах болжээ. Аймгийн Засаг
даргын Тамгын газрын дарга н.Төмөрбаатарын “рабортоор” гэр хорооллын
өрхүүд мод түлдэг бол уурын зуухнуудыг нүүрсээр галладаг.  Мөрөн сумын
хэмжээнд өвөлдөө нийт 13 уурын зуух ажилладаг учраас хамгийн их хорт
утааг ялгаруулдаг байна.  Шинээр барьж буй Дулааны цахилгаан станц
ашиглалтад орчихвол 13 цэгээс агаарт хөөрч байгаа хорт утаа нэг цэгээс
ялгарч тэр хэрээр хоруу чанар буурна гэж үзэж байна. Ямар ч байсан
станцын газар доогуурх инженерийн ажил цэгцэрсэн тул энэ хавраас
барилгын ажил эхэлнэ.  Явцын дунд саатал гарчихгүй бол Дулааны цахилгаан
станц 2014 онд ашиглалтад орох гэнэ. Мөн нэг нааштай мэдээлэл дуулгасан
нь орон нутгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр
татвар төлөгчдийн тоо өмнөх оныхоос 27.3 хувиар өсчээ. Ингэснээр
ганзагын наймаанаас өөр эрхлэх аж ахуйгүй шахам байсан Хөвсгөл аймагт
ноос боловсруулах болон барилгын материалын үйлдвэрүүд тус бүр
ашиглалтад орж ажлын байр шинээр бий болжээ. Тухайлбал,ноос боловсруулах
үйлдвэр нь хоногт 500 тонн ноос угаах хүчин чадалтай, энэ хавраас бүрэн
хүчин чадлаараа ажиллана. УИХ-аас өнгөрсөн жил малчдын ахуй амьжиргааг
дээшлүүлэх зорилгоор үндэсний үйлдвэртээ тушаасан хонь, тэмээний ноосны
нэг кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргасан нь цагаа
олж малчдын хувьд нутгийнхаа үйлдвэрийг түүхий эдээр хангах урам  өгчээ.
Нөгөө талдаа “Эрдэнэт” зэрэг томоохон үйлдвэрийг түүхий эдээр хангах
нөхцөл бүрдсэн байна. Харин ноолуурын тухайд өнөөдрийн байдлаар тус
аймагт нэг кг ноолуур 70 мянган төгрөг хүрч буй бол суманд нэг кг нь
65000 төгрөгийн ханштай. Энэ нь ченжүүд малчдын гар дээрээс ноолуурыг
худалдан авахдаа нэг кг тутмаас 5000 төгрөгийн зөрүү гаргаж Мөрөн суман
дахь том ченжүүдэд шахан, ашиг унагадаг жишгээрээ ажиллаж байна гэсэн үг
юм. Гэхдээ малчдын хувьд ноолуурын үнэ ирэх тавдугаар сард улам өсч,
нэг кг нь 90000-100000 төгрөгт хүрч магадгүй гэх хүлээлттэй сууж байна.
Ер нь сонгуулийн жилд ноолуурын үнэ ханш чангардаг жишиг тогтсоны
зэрэгцээ нэр дэвшигчдийн зүгээс “Ноолуурын үнийг тэдэн төгрөгт хүргэнэ”
гэх амлалтуудыг өгдөг байсан нь ийнхүү малчдын сэтгэлд хоногшиж үлджээ.
Хэдийгээр малчдын хувьд ноолуурын ханш өндөр байх тусмаа ашигтай, банкны
зээлээс чөлөөлөгдөж амьдрал ахуйгаа дээшлүүлдэг сайн талтай ч, цаад
талд нь үндэсний үйлдвэрүүд өндөр үнэнд цохигдож түүхий эдээ худалдан
авч чаддаггүй. Энэ нь хятад ченжүүд Монголын ноолуурын зах зээлийг одоо
хэр нь удирдсаар байгаагийн тод илрэл төдийгүй төрийн зүгээс бодлого
боловсруулж “цагаан алт”-аа дэлхийн зах зээлд брэнд болгоход анхаарахгүй
бол түүхий эдийн хавсарга орон хэвээр байхын жишээ болж харагдсан юм.

Аялал жуулчлал уу, ашигт малтмал уу?

Хөвсгөл далай Монгол Улсыг дэлхий дахинаа таниулж буй цэнгэг нуур.
Гадаадын олон жуулчин Монголыг зорьж ирдгийн шалтгаан нь далай ээжийг
үзэх гэсэн туйлын мөрөөдөлтэй нь холбоотой. Харин тус бүс нутагт аялал
жуулчлалыг хөгжүүлэхэд тээг болж буй хэд, хэдэн шалтгаан байгаагийн нэг
нь дэд бүтэц аж. Улаанбаатар хотыг Хөвсгөл аймагтай холбох авто замын
ажил энэ хавраас эхэлнэ. Үүний тулд Засгийн газраас Мөрөн-Уньтыг
холбосон авто зам барих ажлыг эхлүүлэхээ мэдэгдэж хөрөнгийг шийдвэрлэсэн
бол орон нутгийн хувьд аймгийн төвөөс Хатгал сум руу тавих хатуу
хучилттай авто замын ажлыг өнгөрсөн жил эхлүүлжээ. Нийт 100 гаруй км
авто зам тавих ёстойгоос ердөө 20 гаруй км-ыг нь барьсан. Ийм хурдаар
авто зам баривал дор хаяж дөрвөн жил шаардана. Тиймээс авто замын ажил
хамгийн их анхаарал татсан асуудал болж байна.

Хоёрт, дэд бүтэц шийдэгдлээ гэхэд хөвсгөлчүүд жуулчид хүлээн авахад
бэлэн үү? Хаа хаанаа бэлтгэлээ хангахгүй бол одоогийнхоосоо байдал
дордож мэдэх талтайг “Хөвсгөл нэг үе” клубынхэн анхаарууллаа. Тус клубын
Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганбаатарын хэлснээр бол Хөвсгөл далайг
үзэхээр жилдээ 3000 орчим гадаадын жуулчин ирдэг. Мөн дотоодоос ирэх
жуулчид олон. Олонхи нь хоноцын сэтгэлээр ханддаг. Жуулчид олноор ирдэг
зуны улиралд байгаль орчны бохирдол дээд цэгтээ хүрэх нь бий. Тиймээс
тус бүс нутагт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал аж. Үүний тулд
Байгаль хамгаалах тухай хуульд тодорхой заалтууд тусгах шаардлага
байгааг орон нутгийн иргэд онцоллоо.

Гурав дахь шалтгаан нь аялал жуулчлалаас төвлөрөх татварын орлого орон
нутагтаа шингэдэг байх явдал. Хөвсгөл далайг түшиглэн 60 гаруй аж ахуйн
нэгж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч 70 гаруй хувь
нь орон нутагт татвар төлдөггүй. Шалтгаан нь тэдгээр аж ахуйн нэгжүүд нь
Улаанбаатар хотод бүртгэлтэй учраас татварын орлого нь нийтийн тогоонд
ордог байна. Уг нь ус, газар ашигласны төлбөр нь орон нутагтаа шингэвэл
эргээд аймаг, сум хөгжүүлэх хөрөнгө болж төвлөрөх учиртай. Тиймээс
Татварын хуульд өөрчлөлт оруулахгүй бол хатуухан хэлэхэд алтыг нь аваад
авдрыг нь хаяна гэдэг шиг үзэгдэл энэ бүс нутагт олон жилийн турш
давтагдаж байгааг Хөвсгөл аймгийн Тамгын газрын дарга Н.Төмөрбаатар
учирлав. Ганц жишээ татахад тус аймгийн татварын хэлтэст аялал
жуулчлалаар ердөө 20 сая төгрөг л төвлөрчээ, өнгөрсөн оны төвшинд. Ашигт
малтмалаа ашиглуулж буй бусад аймгийнхны хувьд бол энэ нь тухайн бүс
нутагт олборлолт хийж байгаа компаниар улсын баяр наадмыг ивээн
тэтгүүлэх мөнгө. Энэ мэт шалтгаан байдгаас тэр үү, Бүрэн хааны
фосфоритын ордыг ашиглаж, аймаг сумаа хөгжүүлэх нь хөгжлийн нэг гарц юм
аа гэдэг тайлбарыг Тамгын газрын дарга нь хэлээд сууж байна. Мань хүн ч
толгой мэдээдэд ийм юм яриад сууж буй юм биш бололтой. 2009 онд “Хөвсгөл
хөгжил” форум зохион байгуулах үеэр “Фосфоритын ордыг ашиглах ёстой”
гэж үзсэн байна. Мөн аймгийн ИТХ-аас ч ийм шийдвэр гаргачихаж… Уг нь
эрдэмтэн судлаачдын зүгээс “Фосфоритын ордыг ашиглах нь байгаль экологид
ноцтой аюул учруулах эрсдэлтэй тул болгоомжтой хандах ёстой” гэсэн
дүгнэлт гаргаж байжээ. Харамсалтай нь, эл дүгнэлтийг орон нутгийн
иргэдээс бусад нь үл ойшоодог бололтой. Тус бүс нутгийн Бүрэнхааны
фосфоритын ордод ашиглалтын хоёр, хайгуулын долоон ч лиценз эзэмшдэг
“Талст маргад” компанийнхан өнгөрсөн жилээс эхлэн хайгуулын ажил
эхлүүлжээ. Нутгийн иргэдийн яриагаар бол хамгийн болхи технологи ашиглан
хайгуул хийдэг байна. Тиймээс Бүрэн тогтох сумынхан дээрх газрыг орон
нутгийн Тусгай хамгаалалтад авч, мөн 70 гаруй хүний гарын үсэг цуглуулж
“Талст маргад” компанийн лицензүүдийг цуцлах хүсэлтийг аймгийн
удирдлагуудад хүргэсэн авч одоо хэр нь шийдвэртэй хариу өгөөгүй байна.
Харин тус аймагт ажиллаж байсан Ашигт малтмалын газрын дарга асан,
Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батхуяг “Хөвсгөл
нуурын тогтоц нь өөрөө маш эмзэг учраас фофоритын ордыг ашиглах асуудал
дээр болгоомжтой хандах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын
зардлын хэмжээг тогтоочихсон байдаг учраас жилдээ бага зэрэг ажил
хийхгүй бол лиценз нь хураагдчих гээд байдаг эрх зүйн орчинтой учраас
“Талст маргад” компани нь хайгуулын ажил хийдэг гэж ойлгосон. Монгол Улс
нь стратегийн 15 ордтой. Эдгээрээс эхний ээлжинд Оюутолгой,
Тавантолгой, Шивээ-Овоо гэх мэт ордуудаа ашиглахаар ажиллаж байна.
Гэхдээ яаж ашиглах вэ гэдэг нь одоо хэр нь бүрэн дүүрэн шийдэгдээгүй
байхад Бүрэн хааны фосфоритын ордыг ашиглах тухай ярих нь эртдэнэ.
Шинжлэх ухааны байгууллагуудаас гаргасан эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг
маш сайн судлах ёстой. Ингэхгүйгээр эмзэг эко системтэй Хөвсгөл
далайгаас 80 гаруйхан км зайд орших фосфоритын ордыг ашиглах нь эргээд
асар их хохирол учруулж болзошгүй тул би хувьдаа ашиглалтын асуудлыг
хүлээн зөвшөөрдөггүй” гэдгээ энэ үеэр онцолсон юм.

Хөвсгөлчүүдийн хувьд ирээдүйд нутаг орноо хөгжүүлье гэвэл фосфоритын
ордыг ашиглана гэхээсээ илүүтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх талд анхаарч,
хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тойргийнхоо гишүүдэд асуудал
тавьж ажиллахгүй бол цэвэр усны нөөцийн ундарга, эко системийн гол
цохилох зүрх нь болсон далай ээжээ цаазын тавцанд аваачиж мэдэх нь.
Үүний тулд нутгийн удирдлагууд орон нутгийн иргэдийнхээ талд байр сууриа
нэгтгэх цаг болсон нь бас харагдлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж