Фүкүшима ба робот техник – 2

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

Фүкүшима ба робот техник – 2

Фүкүшима Дай-ни АЦС-ын реакторуудын хөргөлт тогтвортой горимд шилжээд байгаа боловч цөмийн түлшнээс ялгарах дулааны энергийн хэмжээ илэрхий багасах хүртэл 10-аад жилийн турш хөргөлтийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай юм. Энэ хугацаанд цахилгаан хангамж тасалдах зэргээр хөргөлт зогсож ослын нөхцөл үүсэх тохиолдолд дахин устөрөгчийн дэлбэрэлт болох аюул бүрэн арилаагүй байна. Үүнээс гадна реакторуудын ойр орчимд цацраг идэвхт бодисын цэвэрлэгээ хийж, тодорхой хэмжээгээр хүн ажиллах нөхцөл бүрдүүлэх, цаашид цөмийн түлшийг гаран авч аюулгүй болгоход хэдэн арван жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Япон улсын засгийн газраас АЦС-ын ослын хор уршгийг арилгах дунд, урт хугацааны буюу 40 жилийн төлөвлөгөөг боловсруулсан тухай саяхан мэдэгдлээ. Уг төлөвлөгөөгөөр реакторын барилгын дотор талын, хана, шал, тааз, тоног төхөөрөмжүүдийн гадаргад тогтсон цацраг идэвхт бодисыг цэвэрлэх ажлыг ирэх 6 жилийн дотор гүйцэтгэж, реакторын их бие, хамгаалах хийцийн механик гэмтлийг засварлах ажлыг 10 жил, цөмийн түлшийг реактороос гаргаж авах ажилд 25 жил, гаргаж авсан түлшийг аюулгүй нөхцөлд хадгалж, реакторыг буулгахад 40 жил тус тус зарцуулахаар төлөвлөв.

Эдгээр төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд робот техник голлох үүргийг гүйцэтгэх болно. Гэвч ослын үр дагаварыг арилгах ажилд тохирох роботын технологийн хөгжүүлэлт дөнгөж эхлэлийн шатандаа байна. Фүкүшимагийн ослоос үүдэн өмнө нь бүтээгдэж байгаагүй онцгой чадвартай шинэ төрлийн робот бүтээх шаардлага урган гарч байгаа юм. Ослоос хойш жил илүү хугацаа өнгөрөөд байгаа боловч өндөр хэмжээний цацраг бүхий реакторын орчмын нөхцөл байлдыг бүрэн тодорхойлж чадаагүй байдал үргэлжилсээр байна.

1999 онд Токаймура АЦС-д жижиг хэмжээний осол гарч 2 ажилчин цацрагийн хордлогоор нас барсан тохиолдол гарч байжээ. Тухайн үед ослын зориулалт бүхий роботын туршилтын загварыг бүтээж байсан боловч удалгүй хөгжүүлэлтийн ажлыг зогсоосон байна. АНУ, Европын орнуудад АЦС-д ажиллах чадвартай роботуудыг нөөцөнд үргэлж бэлэн байлгах талаар хуульчлагдсан байдаг бол Япон улсад ийм төрлийн дүрэм, журам байдаггүй. Тус улсын мэргэжлийн байгууллагууд АЦС аюулгүй гэдэгт хэт итгэлтэй байснаас үүдэн ослын үед ажиллах чадвартай робот техник бүтээгээгүй байгаа нь ослын үр дагаврыг арилгах ажилд харьцангуй урт хугацаа зарцуулахад хүргэж байна.

Цаашид цөмийн түлшийг реакторуудаас гарган авч бүрэн аюулгүй болгоход гурван үндсэн асуудал тулгарч байна. Эхнийх нь цацраг идэвхжил өндөр байгаа явдал юм. Төлөвлөж буй ажиллагаанд хүний оролцоо зайлшгүй шаардлагатай бол хүн ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд цэвэрлэгээ хийж цацрагийн хэмжээг бууруулах шаардлагатай. Дараагийн асуудал нь ослын үеийн хэт өндөр температур, өндөр даралтын нөлөөгөөр реакторуудын хананд цууралт үүсч гэмтсэн байгаа явдал юм.

Цөмийн түлшийг гаргаж авахын тулд цацрагийн алдагдлаас сэргийлж реакторыг усаар дүүргэх шаардлагатай. Гэвч реакторын механик гэмтлийг арилгаагүй тохиолдолд энэ нь бараг боломжгүй асуудал юм. Эцэст нь хайлсан түлш реактороос гадагшилж хамгаалах хийцийн доод хэсэгт тунасан байх магадлал өндөр байгаа нь өнгөрөгч зун тодорхой болсон явдал юм. Энэ нь дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд тохиолдож байгаагүй реакторын ослын хамгийн хүнд нөхцөлд тооцогдож байна. Өмнө нь зөвхөн түлшний хайлалт (melt down) явагдаж цөмийн түлш реактороос алдагдаагүй гэж үзэж байв.

АЦС-д робот ашигласан хамгийн анхны тохиолдол 1979 онд АНУ-ын Three Mile Island АЦС-ын ослын дараа гарчээ. Уг ослоор төхөөрөмжийн гэмтэл, хүний үйл ажиллагааны алдаатай давхцан реакторын хөргөлт зогсож эцэстээ цөмийн түлшний хайлалтад хүргэсэн юм. Ослын дараа эхний ээлжинд цэвэрлэгээний роботыг ашигласан байна. Уг робот реактор орчмын бетонон ханыг нэг бүрчлэн зүлгэж түүнд тогтсон цацраг идэвхт бодисыг арилган, хүн харьцангуй удаан хугацаагаар ажиллах орчинг бүрдүүлсэн байна. Харин ослоос хойш 5 жилийн дараа реактор дотор камер оруулж түлшний байдлыг анх удаа тодорхойлоход хайлсан түлш үндсэн байрлалаас 1,5 м доош унаж байрласан байжээ.

Тухайн үед реакторын дээд хэсгээс оруулсан 9 м урттай робот гарны тусламжтайгаар хайлсан түлшийг гаргаж авсан байна. Эхний ээлжинд робот гарны үзүүрт байрлах таслагчаар хайлсан түлшний дээд хэсгийг жижиглэн хуваав. Дараа нь халбага хэлбэрийн төхөөрөмжөөр тэдгээрийг хутгаж гаргаж авсан байна. Харин реакторын доод хэсэгт тунаж хатуурсан түлшийг гаргаж авахын тулд зориулалтын өрмөөр жижиглэн хуваажээ. Зөвхөн түлшийг гаргаж авах ажлыг гүйцэтгэхэд нийт 11 жилийн хугацаа зарцуулсан байна.

Three Mile Island АЦС-тай харьцуулахад Фүкүшима Дай-ни АЦС-ын ослын нөхцөл байдал маш хүндрэлтэй байгаа юм. Three Mile Island АЦС-ын ослын үед зөвхөн нэг реакторт түлшний хайлалт явагдсан боловч реакторт ямар нэгэн гэмтэл гараагүй. Тэгвэл Фүкүшима Дай-ни АЦС-ын ослын үед 3 реакторт түлшний хайлалт явагдсанаас гадна реакторууд гэмтсэн байгаа нь нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлж, хайлсан түлшийг гаргаж авахад илүү урт хугацаа зарцуулахад хүргэж байна.

Японы "Мицүбиши хүнд үйлдвэрлэл" компани ослын хор уршгийг арилгах робот бүтээх ажилд голлон оролцож байгаа юм. Тэд АЦС-ын төхөөрөмжүүдийн шалгалт, хяналтын зориулалттай роботууд бүтээж байсан туршлагадаа тулгуурлан цацраг идэвхт бодисын цэвэрлэгээ хийх, хайлсан түлшийг гаргаж авах роботын төслийг боловсруулж байна. Тухайлбал цацраг идэвхт бодисын цэвэрлэгээнд хүний гартай төстэй олон төрлийн үйлдэл хийх чадвартай 7 үе мөч бүхий манипулятор (робот гар)-ыг алсын удирдлагаар ажиллах тэргэнцэр дээр суурилуулан ашиглахаар төлөвлөжээ.

Үүнд тулгарч буй асуудал нь одоогоор бүтээгдээд байгаа манипуляторын урт дөнгөж 1,3 м байгаа учир цэвэрлэгээ хийхийн тулд реакторын барилгын 8 м өндөр бүхий таазанд хэрхэн хүргэх вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай юм. Энэ тохиолдолд тэргэнцэрийг өргөгчтэй байх боломжийг судлаж байна. Мөн реакторын механик гэмтлийг засварлахын тулд гэмтлийн хэмжээ, байрлалыг үнэн зөв тодорхойлох шаардлагатай боловч хэрэгжүүлэх арга, боломжыг олоогүй байна. Хяналт, шалгалтын зорилгоор реакторын хананы бүрэн бүтэн байдлыг дотор талаас нь шалгах камер бүхий урт долгионы төхөөрөмж ашиглагдаж байгаа ч ослын дараах цацраг идэвхт бодис болон нуранганы тоос шороо, зэврэлтээс бохирдсон усан орчинд уг төхөөрөмж хэвийн ажиллахад хүндрэлтэй юм.

Шийдвэрлэх ёстой хамгийн гол асуудал нь хайлсан түлшийг хэрхэн гаргаж авах вэ гэдэгт байна. Реакторын дээд хэсэгт зориулалтын суурь байрлуулж түүнд угсарсан робот гарын тусламжтайгаар түлшийг жижиглэн гаргаж авахар төлөвлөж байгаа ч түлшний хайлалт, түүний байрлалыг тодорхойлж чадаагүй байгаа нь төслийн ажилд саад тотгор учруулж байна. Three Mile Island АЦС-ын хайлсан түлш зөвхөн реакторын доод хэсэгт тунасан байсан бол Фүкүшимад түлш реактороос гадагшилж түүнээс доош 30 м зайд байрлах хамгаалах хийцийн шалны хэсэгт тунаж хатуурсан байх магадлал өндөр байгаа юм.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж