Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр нэг сая төгрөгийн хувьцаатай холбоотой мэдээллийг тодорхой болгох үүднээс Ерөнхий сайд С.Батболдыг хамтран мэдээлэл хийхийг урьсан билээ. Түүний эхний урилгад Ерөнхий сайд Засгийн газрын хуралтай байсан гэх шалтгаанаар ирээгүй бол харин хоёр дахь удаагийнх нь хүсэлтэд ямар нэгэн хариу өгөлгүй өнгөрсөн долоо хоногийг дуусгасан юм. Тодруулж хэлбэл, өмнөх долоо хоногтойгоо нийлээд 14 хоногийн хугацаанд тэрбээр хариулт өгөлгүй дахин шинэ долоо хоногийг угтах гэж байгаа тул Ардчилсан намын дарга ч хүлээсээр цөхөрч гүйцээд байгаа сурагтай. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд сөрөг намынхаа асуултад дуудагдаж хурал ирэхээсээ өмнө дутуу байсан ажлаа хийж гүйцээхээр чамгүй шамдан ажиллаж байгаа гэж хэлж болно. Тухайлбал, энэ хугацаанд Засгийн газраа хэд хэд хуралдуулж 536 ширхэг хувьцааг 1072 болгон өгөхөөр шийдвэр гаргаж, нэлээд ажил амжуулаад авсан. Тэгэхээр хийгээгүй ажлаа амжуулж байж хэлэх үгтэй ирэхээр шийдэв үү аль эсвэл таг чиг байж байгаад ажлаа амжуулахаар шийдэв үү гэдгийг таахад бэрх ч Н.Алтанхуяг дарга түүнийг ямартай ч хөдөлгөөнд оруулж дөнгөсөн бололтой.
Г.Дарь