Жишээ нь, Англид "Санал өгсөн"-ий гэдэг нэртэй татвар авдаг аж. 20 гаруй жилийн өмнө үүссэн энэ татварыг Их Британийн хүн амын 30 гаруй хувь нь төлөхөөс татгалзаж, бүр эсэргүүцэн 1990 онд жагсаж байжээ. Үүнээс болж "Төмөр хатагтай" гэгдэх тэр үеийн Английн Ерөнхий сайд М.Тэтчер огцорч байсан гэдэг.
Тэгвэл Канадад "Гадаад иргэдийн" гэдэг татварыг авдаг байна. Ганц Канад ч бус, дийлэнх барууны хөгжилтэй орнуудад энэ татвар үйлчилдэг. Тухайн оронд гадны цагаачлал ихэсч, шилжин суурьшигсад олноор төвлөрөх болсонтой холбоотойгоор уг татварыг авдаг байна. Жишээ нь хятадууд дэлхийн улс бүрт бараг цагаачлан ирж, амьдрах болсноор ийм татвар хураадаг болжээ.
Канадад олон арван жил хүчинтэй байсан энэ татвар хятадуудыг тус улсын хилийг давахыг хориглосноос хойш цуцлагдсан байна. Дээр үед Германд "Болжморын татвар" үйлчилж байжээ. Тодруулбал, XVIII зууны үед Германд айл өрх бүр 12 болжмор шувуу устгах естой. Үүний төлөө өрх бүр урамшуулал авна. Хэрэв биелүүлж чадаагүй бол татвар төлдөг байв.
Татвар бус ч гэсэн манай өмнөд хөрш Хятадад 1960-аад оны үед Мао "даргын" тушаалаар иргэд болжмортой дайн зарлаж, олноор алж хядан, төр улсдаа нэг ёсны татвар төлж байсан гашуун түүх бий. Тэгвэл социализмын үед энэ системд багтаж байсан улсууд "Хүүхэдгүйн татвap" гэж авдаг байсан. Манайд энэ татвар мөн үйлчилж байсан. Энэ татварыг 20-50 насны эрэгтэй, 20-45 насны эмэгтэйчүүдээс авдаг байв. Бүх хүн цалингийнхаа зургаан хувийг энэ татварт хураалгадаг байв.
XIV зууны Англид хааны зарлигаар "Амьдралын татвар" гэгчийг хураадаг байжээ. Гэвч энэ нь төд удалгүй ард түмний эсэргүүцэлтэй тулгарч нэн даруй цуцлахаас аргагүй болж байжээ. 1783 онд мөн Лондоны оршин суугчид "Бүрх малгайн" гэгдэх татвар төлдөг байв. Энэ нь хоёр фунт байдаг байв. Харин хөдөө, орон нутгийн иргэд энэ татвараар таван шиллинг төлдөг байв. Тэгвэл манай эриний нэгдүгээр зуунд Ромын эзэн хаан Веспасиан "Жорлонгийн татвар" гээчийг санаачилж байжээ.
Үүнээс хачин этгээд "Сүүдрийн" гэх татварыг Италийн Венецид төлж эхэлсэн байна. Хотын өмч дээр сүүдэр тусгасан сүүдрэвч болон барилгын саравчнаас энэхүү татварыг авдаг аж. Яг энэ нь шиг эртний Византийн их эзэнт гүрэнд барилга барьж буй хүн барилгынхаа давхар нэмэх тусам өгөх татвар нь өсдөг байв. Үүнийг "Агаарын татвар" гэж нэрлэдэг байжээ.
Америкт хар тамхи худалдаалж, түүнээс хууль бусаар орлого олсон хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсээс "Internal Revenue service" гэдэг хуулийн байгууллага татвар авдаг байна. Дээрх сонин хачин татварууд нь хууль тогтоогчдын зүгээс зарим үед бусдаас хэтэрхий этгээд содон болох гэсэн тэнэг явдлаас үүдэлтэй аж. Гажиг ийм сэтгэлгээнээс улбаатайгаар нийгмээсээ тасарсан элдэв ийм сонин хачин татварууд сэдэгджээ.