Пакистаны албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар босогчид шоронд хоригдож байсан заримыгаа суллахаар дайралт хийсэн аж. Босогчид дайрсан шорон Пакистаны хамгийн хурцадмал Кибер мужийн Банну хотод байдаг аж.
Пакистаны Талибууд уг халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн талаар Ройтерс мэдээлсэн байна. Талибаны төлөөлөгч “Бид Банну дахь халдлагаар хэдэн зуун ах дүүсээ чөлөөллөө” гэж мэдэгдсэн гэнэ.
Дээрх халдлагын үеэр цагдаагийн гурван ажилтан шархадсан гэж Банну хотын цагдаагийн дарга мэдэгдсэн байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлж буйгаар босогчид бүхээгтэй машинтай шорон руу дайран орж, гранат дэлбэлэн, буугаар шүршиж эхэлсэн гэнэ.
1000 гаруй хоригдол хоригдож байсан шоронгоос 381 хоригдол халдлагын үеэр оргосон гэж албаны хүмүүс мэдээлжээ. Тэднээс 20 нь онц аюултай гэмт хэрэгтнүүд гэнэ.
Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарафын амь насанд халдахаар завдаж, ялын дээд хэмжээ авсан нисэх хүчний гишүүн байсан этгээд ч тэдний дунд байгаа аж.