
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр 17.00 цагт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарыг хүлээн авч уулзахаар болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригийн өглөө Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулах явцад дээрх нэр бүхий гишүүд гэрт нь хамт байсан юм. Энэ үед УИХ-ын гишүүн О.Чулуунбат нь толгойн тус газраа, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нь шанаан тус газраа цохиулсан гэх зэргээр ямар нэг байдлаар гэмтэл авсан. Тиймээс тэд “Хууль хяналтын байгууллагынхан УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан” хэмээн үзэж, өнгөрсөн баасан гаригт бүлэгтээ мэдээлэл хийсэн бол энэ удаад УИХ-ын даргад хандахаар болоод байна. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд гурвуулаа УИХ-ын даргатай тухайн өдрөө биечлэн уулзсан гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өгч байсан. Харин одоо амралтын өдөр ийнхүү цаг зав гарган уулзах болсон нь ямар шалтгаантай нь нууц байна.
Г.Дарь