БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений 100 жилийн ойд зориулсан хүндэт цэргийн жагсаал Пхеньянь хотод болж, олон мянган иргэд энэ тэмдэглэлт үйл явдлыг үзжээ. Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өвөг эцгийнхээ мэндэлсний 100 жилийн ойд зориулж энэ дөрөвдүгээр сарын 13-нд хиймэл дагуулын пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсны дараа ийнхүү мэдэгдэл хийжээ.
Хиймэл дагуулын пуужин хөөргөх төлөвлөгөөг нь олон улсын хамтын нийгэмлэг алсын тусгалт пуужингийн хориотой туршилт хийх өнгөлөн далдлалт хэмээн эсэргүүцсэн ч Умард Солонгос пуужинг хөөргөсөн. Умард Солонгосын хиймэл дагуулын пуужин хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа Солонгосын хойгт унасан талаар БНСУ-ын албаны хүмүүс мэдээлсэн билээ.
Дэлхийн хамгийн хаалттай улс Умард Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн болон алсын тусгалт пуужингийн хөтөлбөрөө зогсоож хариуд нь хүнсний тусламж авах тухай АНУ-тай хэлэлцээр хийсэн боловч пуужинг хөөргөсний дараа АНУ хүнсний тусламжаа цуцалснаа мэдэгдсэн юм.
Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун телевизээр хэлсэн үгэндээ “БНСУ дахь элэг нэгтнүүд болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа манай үндэстний хөгжил цэцэглэлт, эв нэгдлийн төлөө зүрх сэтгэлтэй хүн болгонд талархал илэрхийлье” гэжээ.
Телевизээр 20 минут орчим мэдэгдэл хийсэн Ким Чен Ун БНАСАУ цэрэг, армийг ямагт чухалчилж ирснийг онцолж, хөрөнгөтөн орнууд цаашид цэрэг, зэвсгийн технологиор монопольчилж чадахгүй гэж мэдэгдсэн гэнэ. Тэрбээр мөн Умард Солонгосын иргэд цаашид бүсээ чангалах шаардлагагүй болсон гэжээ.