Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Үг утаа болохын цагт

Монголд багцаагаар 64 мянган хүн мансуурагч, хар тамхинд донтогч гэдэг нэр зүүх гэнэ. Нэг хар тамхи хэрэглэгчийн цаана далд дөрвөн хүн байдаг гэж дэлхий нийт үздэг жишгээр 16 мянган хар тамхичин, мансууруулагчаа дөрвөөр үржүүлээд гаргасан арифметик хариу. Монгол Улсын Ерөнхийлөгч Маартын наймнаар мянган ээжийг өмнөө суулгаж байгаад “Та дөрвөн хүүхэдтэй бол нэг нь, найман хүүхэдтэй бол хоёр нь хар тамхи татаж байна” гэж мэдэгдлээ. Тэнд суусан ээжүүд байтугай зурагт үзэж суусан дөрвөн хүүхдийн эцэг аль нэг хүүхдээ дэлсээд авмаар санагдсан байх. Цагаан сараас хойш монголчууд хар тамхи л ярьж байна, үндэсний эмгэнэлийн хэмжээнд хүрсэн учраас ярьж байгаа гэсэн.

Хар тамхи хэмээх хурган засаа

Карл Маркс гэж лут филисофич, маш сайн нийтлэлч асан. Тэрбээр 1843 онд бичсэн Хегелийн эрхзүйн философийн шүүмжлэл бүтээлийнхээ өмнөтгөлд “Religion ist Opium fьr das Volk” гэж бичжээ. шашныг халж коммунизм хэмээх цоо шинэ суртал нэвтрүүлэхээр оролдсон Ленин дээрх үгийг “религия есть опиум народа” гэж оросчлоод хэлц болтол нь ашиглав. Багш ламынхаа багшаар Ленинийг зарласан монголчууд харин “шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” хэмээн буулгасан байна. Дээрх хоёр хэлийн аль алинд “опиум” гэж орсон энэ мансууруулагч бол опиумын намуу цэцгээс гарган авдаг нэгэн төрлийн мансууруулах бодис юм. Энэ нь “саруул талаас түүж хөөстэй саван болгоод хөөрхөн гараа угаадаг” намуу цэцгийн нэгэн зүйл ажээ. Үүнд Монгол нутгийн голын сайр дээр ургадаг хурган засаа хэмээх нарийхан ишин дээр ганхах дөрвөн дэлбээт цэцэг ч орох юм. Уул шугамандаа дээрх хэлцийг “шашин бол ард түмнийг мунхруулагч хурган засаа мөн” гэж орчуулах байж. Монголд өнөөдөр “хар тамхи”ны хэрэглээ замаа алдаж гэж ярих боллоо. Харин хар тамхи бол ерөнхий нэршил. Эндээс бүх асуудал гардаг. “Мансууруулагч” гэж нэрлэвэл зохих бүлэг бодисыг бид анхнаас нь буруу нэрлэсэн. Эрүүгийн хуульд “мансууруулагч” гэж бичсэн байдаг ч хүмүүс “хар тамхи” гэж ярьдаг.

Ерөнхийлөгч маань монгол хүн л болсон хойно бас ингэж ярьсан. Чухамдаа бол өвдөлт мэдрэхгүй болгодог химийн бүлэг нэгдлийг өнөөдөр хүн төрөлхтөн narcotic гэж байгаа юм. “Апираас” (операция)анд ороход хэрэглэдэг “наркооз” бол үнэндээ “хар тамхи” л даа. Тиймээс хуульд өдгөө “мансууруулах бодисын хууль бус хэрэглээ” гэж ярьдаг. Тэгэхээр апираасанд орсон хэн боловч хар тамхи хэрэглэж үзсэн болж таарах нь. Харин ямар мэдрэмж төрсөн нь жич асуудал. Хар тамхи гэдгийг Монгол хэлний товч тайлбар толь бичиг-т “Намуу цэцгийн төрөл, урт бөгөөд том навчтай, шар буюу улаан цэцэгтэй ургамал. Түүнийг гүйцэт боловсроогүй байхад огтолж, сүү мэт шүүсийг авч хатаасныг хэлнэ” гэж тайлсан байгаа болохоор “хар тамхи” гэдэг бол яалтч үгүй намуугийн төрлийн цэцэгсийн бүтээгдэхүүн ажээ.

 Хар тамхитай Монгол

Хар тамхитай холбоотой хэрэг саяхны зүйл биш. “Аливаа түшмэл ард хэн боловч хар тамхи татаж болохгүй, Мөн тамхийг худалдах, худалдан авахыг хориглох, зөрчигчдийг ял шийтгэх,бас гадаад хүнээс хар тамхи авч үл болох, амьд цэцэг тарихыг хориглох тухай зарласан бичгүүд, дамжуулан хүргэх дугтуйтай бичгийн дагавар”ыг Төр гэрэлтийн XIX он буюу 1839 онд гаргасан байна. Манжийн үеэс эхтэй энэ үзэгдэл Хүрээний суугуул ардын дунд ихэд дэлгэрч, гэртээ цэцэг тарихыг чандлан хорьсон байхыг үзэхүл монголчууд XIX зуунаас мансууруулах төрлийн ургамлыг тарималжуулжээ. Манжаас салж, тусгаар тогтнолоо зарламагцаа гаргасан зарлиг тогтоолын дотор “Хар тамхи худалдах, татах, тарихыг цаазлан хориглосон бичээс” багтана.

Манжаас салаад ч байдал төдийлөн дээрдээгүй аж. Ардын хувьсгал гэгдэх үйл явдлаас хойш, 1921 оны арваннэгдүгээр сарын 2-нд хуралдсан Засгийн газрын XXI хуралдаанаар хар тамхи татахтай тэмцэх шийдвэр гарчээ. Эндээс эхлээд хил гаалийг нэлээд хатуу чанд болгосон бололтой. Жишээ нь, 1922 онд хятадууд Ёнзонхамба Лувсанхаймчигийн жасд түлээний аргал буулгах халхавчин дор хар тамхи хатаан хил нэвтрүүлж байсныг Ардын засаг илрүүлсэн тухай С.Жанцангийн Гэмт явдал судлал эмхтгэлд оруулсан байна.

  Социализмын бүрэн төгс ялалтын жилүүдэд ч хар тамхины хэрэг гарсаар иржээ. Ихэнх эзэн холбогдогч нь манайд байнга суугаа орос, хятад цагаач нар. 1926, 1929, 1949, 1961 он зэрэг онуудын үе үеийн Эрүүгийн хуульд хар тамхи буюу мансууруулах бодистой холбоотой заалт байсан. 1961 оны нэгдүгээр сарын 31-нд баталсан Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлгийн 186 зүйлд “Хар тамхи, Энэтхэгийн олсыг зөвшөөрөлгүйгээр таривал нэг жил зургаан сар хүртэл хорих эсвэл 500 төгрөгөөр торгоно” гэжээ. Эндээс Монголын мансууруулах бодисын хэрэглээнд зэрлэг олсны ургамал буюу “Энэтхэг өвс” гэж нэрлэсэн хашиш хэдийнэ орж ирснийг харж болох юм. Ямартай ч бид “бусдын жигшээр” хар тамхитай явж ирсэн байна.

Мэргэжлийн хүнгүй орон зай

  Мансууруулах бодис хэрэглэгчид маань тун давгүй мэргэшиж, төрөлжиж байгаа ч тэдэнтэй тэмцэх улсууд нь үнэндээ мэргэжил битгий хэл мэдлэг ч үгүй байна. Ерөнхийлөгчийн саяхны уулзалтад илтгэл тавьсан хүмүүсийн ярианд аваад үлдчих үнэмшилтэй баримт ганц ч байсангүй. Хүн айлгах зорилготой юм уу гэмээр хэдэн том тоо хаа нэг дуулдсан. “Алтан гурвалжин” нэртэй хар тамхи борлуулдаг сүлжээнд монгол залуусыг элсүүлэх болжээ гэх зэрэг сүр үгс хэлэгдсэн. Үнэндээ бол дэлхийн хамгийн том гурван бэлтгэн нийлүүлэгчийн нэгийг “Алтан гурвалжин” гэж нэрлэдэг. Үүнд опиум тариалдаг Тайланд, Мьянмар, Лаос улсууд багтдаг.

Энэ бүсээс Хятадруу мансууруулах бодис зөөдөг. Үүнд манайхан холбогдох нь элбэгшсэн. Адаглаад гаалийн үнэрч нохойдоо “татуулах” хар тамхи орлуулагч хүртэл манайд байдаггүй ажээ. Одоогоор манайд бүртгэгдээд байгаа мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд зөвхөн дотооддоо борлуулах, өөрөө хэрэглэх зорилготой байсан байна. Уулаасаа Хятад, Орос хоёрын энэ зах зээл манайхаар дайрдаггүй тул бид транзит орон болчихно гэж айлтгүй. Харин хүмүүсээ айлгаж байхын оронд суурь судалгаа эхлээд хийвэл үр дүн нь хавьгүй дээр баймаар. Манай зарим нэг судлаачийн судалгаагаар өсвөр насныхан шохоорхоод элдэв бодис хэрэглэж үзсэн гэж хариулдаг байна. Өнгөрсөн хэд хоногт өсвөр насныхан байтугай өвгөн хүн ч сонирхоод үзмээр “хар тамхи” гэж ярилаа даа. Тэд түүнийг сонирхож л таарна. Нас нь юм чинь. Үг яриа утаа болоод хөшилдөхийн цагт үр хүүхдээ бид зодоод нэмэр байх уу?

Үргэлжлэлийг ТОЙМ сэтгүүлийн IPAD дээрх хувилбар болон Үндэстний Тойм сэтгүүлээс хүлээн авч уншина уу

Д.БАТБАЯР

Зохиогчийн эрх: http://toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж