Сирийн арми Хомс хот руу дайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Сирийн арми Хомс хот руу дайрчээ

Сирийн арми бямба гаригийн шөнө Хомс хотын хоёр дүүргийг их буугаар буудсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Хүний эрхийг хамгаалагчид болон “Syrian Observatory for Human Rights” байгууллагын ажилтнууд энэ талаар мэдэгдсэн байна. Өнөөдөр өглөөний байдлаар энэ хотод буудалцаан үргэлжилсээр байжээ.

Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхийлөгч Башар Асадын арми болон босогчид эвлэрэх талаар мэдэгдэж, Засаг захиргааны цэрэг дайчид босогчдын хотыг орхин гарсан байна. Хэдэн цагийн турш хот тайван байсан ч Мхарадех хотод энгийн оршин суугч алагдсан гэсэн мэдээг хүний эрхийг хамгаалагчид өгсөн байна. Ингээд баасан гаригт хоёр тал эвлэрэх тохиролцоогоо зөрчсөн хэмээн бие биеэ буруутгаж эхэлсэн бөгөөд үүний дараа дахин буудалцаан эхэлсэн байна. Өчигдөр Сирийн зарим хотуудад болсон буудалцааны улмаас наад зах нь зургаан хүн амиа алдсан гэж “Associated Press” мэдээлээд байна. 

НҮБ-ын тусгай элч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг Ерөнхийлөгч Башар Асад хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн хэдий ч Сирид одоо хүртэл тулалдаан болсоор байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Сирид бослого үймээн дэгдэж, иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа юм. Хүний эрхийг хамгаалагчдын тооцоолсноор Сирийн 10 мянга гаруй иргэд үймээн самуунд өртөж, амиа алдаад байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж