Ажлын байрыг нь нэгжих гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Ажлын байрыг нь нэгжих гэж байна

Төв аймгийн урьдчилан хорих ангид хоригдож буй МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр, ажлын  байр байрладаг барилгад нэгжлэг хийхээр АТГ-ын арваад мөрдөн байцаагч ирээд байна. Тус байр нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм.

Биднийг очиход тэнд ирсэн мөрдөн байцаагчид хашаагаар нэвтрүүлсэнгүй. Тэд хэлэхдээ “Барилгын лацыг аваагүй байгаа. Н.Энхбаярын өмгөөлөгч нарыг дуудсан. Одоо  ирж яваа. Өмгөөлөгч болон хөндлөнгийн гэрчтэй нэгжлэг эхэлнэ. Хэвлэл, мэдээллийнхэн энд байх  шаардлагагүй. Бид хуулийн хүрээнд ажил явуулж байна” гэлээ.

Ингээд 15.40 цагийн орчимд Н.Энхбаярын өмгөөлөгч н.Ганбаатар, н.Ширнэн, О.Баасанхүү нар ирсэн юм. Тэднийг хашаан дотор нэвтрүүлж, хэсэг хугацаанд ярилцсан ч  нэгжлэгийг эхлүүлсэнгүй. АТГ-ын мөрдөн байцаагчид өмгөөлөгчдөөс тус барилга хэний өмч болохыг  лавласан байна. Өмгөөлөгчдийн хэлж буйгаар Н.Энхбаярын  гэр, ажлын  байр байрладаг   тус барилга “Скон” компанийн өмч аж. Тиймээс “Скон” компаниас төлөөлөл байлцуулж, нэгжлэг хийх  ёстой болох гэнэ. Нэгжлэг хийхээр ирсэн АТГ-ын мөрдөн байцаагчид “Скон” компаниас хүн  ирүүлэхээр холбогдож байлаа.

Өнөөдрийн 16.00 цагийн байдлаар тус барилгын хашаанд 9545 УБД, 2863 УНЗ улсын дугаартай автомашинууд байрласан  байлаа. АТГ-ын  мөрдөн байцаагчид барилгад нэвтрээгүй байгаа ч зүүн талын хаалгыг нээсэн харагдаж байлаа. Харин гол хаалганд дотогш орохыг хориглосон тэмдэг наасан байв.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж