Азийн босс ANOC-ийн босс боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Азийн босс ANOC-ийн босс боллоо

Үндэсний олимпийн хороодын холбооны (ANOC) хурал өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо нээлтээ хийлээ. Чуулганыг нээж ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге үг хэлсэн юм. Сонирхолтой нь тэрбээр 10 жилийн өмнө Москва хотын энэ танхимд ОУОХ-ны Ерөнхийлөгч болж байжээ. 200 гаруй орны үндэсний олимпийн хороодын Ерөнхийлөгч, удирдлагууд оролцож буй энэ удаагийн чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь уг байгууллагын Ерөнхийлөгчийг сонгох байлаа. Одоогоос сар гаруйн өмнө ANOC-ийг 30 гаруй жил удирдсан Мексикийн иргэн, ОУОХ-ны гишүүн Марио Васкез Рана ажлаа өгсөн юм. Уг холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч асан Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах 174 хүний саналаар тасархай тэргүүллээ. Ийнхүү тэрбээр ANOC-ийн хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Ирэх өдрүүдэд Лондоны олимпийн бэлтгэл ажил, бусад асуудлыг хурлаар хэлэлцэнэ.

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар уг хуралд оролцож байгаа юм.

Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж