Sony ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Sony ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэв

Sony компани ухаалаг гар утасны функцтэй Smart Watch бугуйн цагаа АНУ-ын зах зээлд гаргасан талаар lenta.ru сайт мэдээлжээ.  Ухаалаг цаг нь 149,99 ам.долларын үнэтэй бөгөөд Android системтэй юм байна. Цаг болон гар утсыг Bluetooth холболтоор холбох бөгөөд цагнаасаа мессэж уншиж, утсандаа ирсэн дуудлагыг харах боломжтой гэнэ. Түүнчлэн цагнаасаа хөгжим сонсч, утасны камераа хэрэглэж болох аж. Утсаа цүнх эсвэл халаасандаа хийсэн үед дуудлага ирэхэд энэ цаг чичиргээ өгөх юм.

Smart Watch бугуйн цаг нь 15,6 гр жинтэй бөгөөд 1,3 инчийн мэдрэмтгий OLED дэлгэцтэй юм. Ус болон цохилтын хамгаалалттай энэ цагны зайг дөрөв хоногт нэг удаа цэнэглэх гэнэ. Sony компани энэхүү ухаалаг цагийг Android 2.1 системтэй ухаалаг гар утас болон Motorola  болон Samsung маркийн гар утсанд холбон хэрэглэх боломжтой гэж мэдэгдсэн байна.  Сонирхуулахад, 2010 онд тус компани нь LiveView бугуйн цаг үйлдвэрлэж байсан билээ. Энэ цагийг  Sony Ericsson гар утсанд  Bluetooth-ээр холбож, зарим мэдээллийг харах зориулалтаар бүтээсэн байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж