-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байна вэ?
-Өмгөөлөгч очиж уулзсан. Биеийн байдал хэвийн байгаа. Зарим телевизээр бие нь муу, цус харвасан гэх зэргээр ташаа мэдээлэл цацаж байна.
-Өлсгөлөн зарлана гэж байсан?
-Өнөөдрийн байдлаар өлсгөлөн зарлаагүй байгаа. Ер нь бол цаашид өлсгөлөн зарлана гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хүний эрхийн үндэсний комиссоос хүмүүс очиж уулзсан байна лээ. Төв аймгийн хорих ангид хүн амины онц ноцтой хэрэгтэнг хорьдог. Ийм хорих ангид хорьсныг гайхаж байна. Харьяаллаараа бол Улаанбаатарт байх урьдчилан хорих ангид хорих боломжтой. Хуулийнхан одоогоор яагаад Төв аймгийн хориход хорих болсон үндэслэлээ тайлбарлаагүй байгаа.
-Та бүхэн 24 цагийн дотор суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн мэдээлэл өгч байсан.
-Ямар арга хэмжээ авахыг ажлын хэсгийнхэн ярилцаж байгаад тухай бүрт нь мэдээлнэ. Ер нь энэ олигархууд жагсаалыг буруугаар ашиглаж, үймээн дэгдээн нэр хүндийг нь унагах башир арга хэрэглэж байна. Өчигдөр л гэхэд архи уусан хүмүүс зориудаар оруулж, тэд нар нь замаар явж байсан хүмүүсийн машины цонхыг цохих зэргээр зүй бусаар авирласан. Бид жагсаалд нэгдэж байгаа хүн бүрт мандат өгч, хуулийн хүрээнд тэмцэж байгаа. Намын нэр хүнд унагаах гэсэн, хэрэгт оруулах гэсэн янз бүрийн оролдлого гарч байгаа учир намын гишүүд дэмжигчдээ сэрэмжлүүлэг өгөөд байна.