“Тусгай хамгаалалт гэмт хэрэгтнээс хамгаалах ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

“Тусгай хамгаалалт гэмт хэрэгтнээс хамгаалах ёстой”

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилж, Төв аймгийн хорих ангид саатуулаад байгаа билээ. Төрийн тусгай хамгаалалтад байсан хүнийг мөрдөн шалгаж, албадан баривчилсан нь хууль бус үйлдэл хэмээн МАХН-ын гишүүд үзэж байгаа юм. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Төрийн тусгай хамгаалалтад байсан Н.Энхбаярыг албадан баривчилсан нь хууль ёсны үйлдэл мөн үү. Та энэ талаар тайлбар өгөөч?

-Иргэдийн дунд төрийн тусгай хамгаалалтад байгаа, халдашгүй эрхтэй хүнийг саатуулан, албадан баривчиллаа гэх андуурал байсаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн халдашгүй дархан эрхтэй байдаг уу, үгүй юу гэдэг талаар төрийн тусгай албаныхан хүртэл буруу ойлголттой байсан юм.

-Н.Энхбаярын төрийн тусгай хамгаалалт яг юунаас хамгаалах үүрэгтэй юм бэ?

-Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан МУ-ын иргэнийг III зэргийн хамгаалалтад авдаг. Урьд өмнө нь хашиж байсан төрийн өндөр албан тушаалтай нь холбогдуулан ямар нэгэн байдлаар гэмт халдлагад өртөх, амь нас, аюулгүй байдалд нь хохирол учрах зэргээс болгоомжлон хамгаалах үүрэгтэй. Тодруулбал, гэмт хэрэгтнээс хамгаалж байна гэсэн үг. Н.Энхбаярыг гэмт үйл ажиллагаа, хууль зөрчсөнтэй холбогдуулан шалгагдаж байгаа нөхцөлд төрийн тусгай хамгаалалтад авна гэсэн үг бол огтхон ч биш юм. Тиймээс МАХН-ын гишүүд, дэмжигчдийн ярьж байгаагаар төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг барьж хорилоо гэдэг нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

-Н.Энхбаярын явуулж байсан үйл ажиллагаа төрийн бүрэн эрхтэй холбоотой юу?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог журамтай.  Харин бүрэн эрхийн хугацаа дууссанаар энэ хүн Монголын ард түмнийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах үндэслэлгүй. Энэ утгаараа Н.Энхбаярын явуулж буй үйл ажиллагаа бол төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй асуудал бол огт биш юм. Тиймээс бүрэн эрхийн тухай болоод бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал, түүнтэй холбогдон үүсдэг халдашгүй байдлын ойлголт энд яригдахгүй ёсгүй.

-Яагаад Н.Энхбаяртай адилаар УИХ-ын гишүүнийг мөрдөн шалгаж, саатуулж болдоггүй юм бэ?

-УИХ-ын гишүүнийг цагдан хориход тусгай зөвшөөрөл авдаг атлаа УИХ-ын гишүүнээс илүү эрх мэдэл, халдашгүй дархан эрхтэй Ерөнхийлөгч байсан хүнийг барьж хорих ёсгүй гэсэн буруу ойлголт байна. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг үндсэн хуульд заасан байдаг. УИХ-ын гишүүнийг  гэмт хэрэгт сэжиглэн, саатуулах тохиолдолд УИХ-ын зөвшөөрөлтэйгээр мөрдөн шалгаж, цагдан хорих ёстой байдаг. Учир нь УИХ-ын гишүүн нь ард түмнээс сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа төрийн өндөр албан тушаалтан шүү дээ. Гэхдээ УИХ-ын гишүүн биш болбол бас л халдашгүй байдлын тухай ойлголт яригдахгүй.    

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж