
Ай Вэйвэйгийн бүх шүүх хурал хаалттай болсон бөгөөд гол буруутан зураачийг өөрийг нь хүртэл оруулаагүй байна. Ингэхдээ шүүх танхимд эхнэр Лу Цинийг байлцуулж байжээ.
Зураачийн эхнэрийн нэр дээр байдаг Beijing Fake Cultural Development Ltd компанийг хэрэг дээрээ Ай Вэйвэй хянадаг гэж түүнийг буруутгаж байгаа юм. Зураач харин өөрийгөө тэнд жирийн дизайнераар ажилладаг, компанийн удирдлагатай огт хамаагүй гэж зүтгэж байгаа билээ.
Ай Вэйвэйн талынхан болон зураач өөрөө ч гэсэн түүнийг төр засгийг удаа дараалан шүүмжилсний улмаас ийнхүү мөрдөн мөшгиж байна гэж үздэг юм. Үзэл бодол нэгтнүүд нь зураачид хандсан энэ арга хэмжээг цензур гэж тооцдог билээ.
Ай Вэйвэй хэргийг дахин хянуулахын тулд торгуулийн ихэнхийг төлчихөөд байгаа юм. Хэргийг хянах үеэр зураач Хятад улсыг орхин одох хориотой бөгөөд тэрээр хил дамнасан харилцаагаа үргэлжлүүлсээр, гаднын нөхдүүдтэйгээ цахим шуудам, Skype-аар холбогдож байгаа юм байна.
Хятадын эрх баригчид Ай Вэйвэйд татвар төлөөгүй хэргээр нэг бус удаа гэм тохоож байгаа юм. 2011 онд ийм хэргээр тэрээр 81 хоног шоронд хоригдсон билээ. ArtReview сэтгүүлээс 2011 онд дэлхийн урлагийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулсан энэ зураачийг мөн порнограф дэлгэрүүлсэн хэрэгт буруутгаж байсан юм.
Эх сурвалж: Reuters