Хүний эрхийн үндэсний комисс нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг төрийн албадлагаар арга хэмжээ авч, цагдан хорихдоо эрүү шүүлтийн буюу хүний эрхийг нь зөрчсөн эсэхэд анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Өчигдөр орой 19. 30 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр гэрийнхээ гадаа ирэхэд хэсэг бүлэг хүмүүс машиныг нь зогсоосноор баривчлах үйл ажиллагаа эхэлжээ. Ингэхдээ жолоочид нь хаалгаа түгж, цагдан хорих газар руу аваачих тушаал нь гарсан гэж хэлсэн байна. Үүнээс нэлээд хугацааны дараа гэртээ оржээ. Харин үүрийн 04.30 цагийн орчимд гэнэт хаалгыг нь өшиглөн гэрт нь орж ирж, “гараа ардаа ав” гэж хүн хашгирсан гэнэ. Шүүхийн тогтоол уншиж, дуусмагц шууд барьж аваад, хувцсаа өмсөх ч цаг олгоогүй ажээ. Харин ийнхүү баривчлаад, Урьдчилан хорих төв рүү авч явах хугацаа буюу цаг хагас хэртэй хөл нүцгэн байсан болохоор даарсан байдалтай хорих газар ирэхэд Улсын мөрдөн байцаах газар болон Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар үзлэг хийгээд оруулсан гэнэ.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Миний ойлгосноор шүүхийн захирамж уншаад, албадан саатуулахдаа Төв аймаг хүртэл хэрцгий харьцсан гэж хэлэхээр байна. Гэхдээ үүнийг Хүний эрхийн үндэсний комисс тогтоохгүй, бидний зүгээс тодорхой хүсэлт, шаардлага тавина. Н.Энхбаяр бол нийслэлийн харьяатай, гэтэл 461 дүгээр анги буюу хамгийн том урьдчилан хорих газар байсаар байтал яагаад Төв аймагт хорих шийдвэр гаргасныг лавламаар байна. Өмгөөлөгч, ар гэрээс нь хол аваачих ямар хэрэг байсан юм бол. Энэ талаар бид хууль, эрх зүйн үүднээс авч үзсэнээ танилцуулж байна” гэв. Харин хууль, эрх зүйн талаас Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “1988 онд аливаа хэлбэрээр саатуулагдсан, хоригдсон хүмүүсийн зарчим болсон баримт бичиг гэж байсан. Улс орнууд үүнийг дагаж мөрдөх учиртай. Энэ зарчимд хоригдсон хүмүүс өөртэйгээ энэрэнгүй харьцах, хүний хувьд өөрийнхөө заяамал эрхийг эдлэх эрхтэй байдаг. Харин өчигдрийн үйл хэрэг хүний эрхийг ямар байдлаар зөрчиж байна вэ гэхээр, Н.Энхбаярыг хорих төв рүү авч явахдаа зүй бусаар харьцсан, харин хорих газрын орчинг харахад олон улсын хорих газрын стандартыг зөрчсөн зүйл байхгүй. Хамгийн гол асуудал бол сэжигтэн өмгөөлөгчтэйгээ хэрэгцээт үед холбогдох эрхийг нь хамгаалаач, нэг талын дүгнэлт шийдвэрт асуудлыг бүү шийдээч гэсэн хүсэлт, шардлагыг холбогдох газруудад тавьж байна” гэлээ.