Өнөөдрийн тоглолтын дараах байдлаар БНСУ-ын мэргэжилтэн Жон Юн Ха, дасгалжуулагч Р.Тамир, Б.Хэрлэн нарын удирдлага дор тоглож буй Монголын волейболын оюутны шигшээ багийн тамирчид гурван тоглолтоос гурван хожил авч, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна. Тэдний хувьд маргаашийн тоглолтын үр дүнгээс үл хамааран аваргын төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Монголын багийн гол өрсөлдөгч, өмнөх тэмцээний аварга Тайландын шигшээ багийн тухайд дөрвөн тоглолтоос гурав хожсон амжилттай байна.
Өнөөдрийн эхний тоглолт 15.00 цагаас эхэлж, Хонконг ба Тайландын багийн хооронд болсон. Тоглолт 3-0 (25-14; 25-22; 25-10) харьцаатай Тайландын багийн ялалтаар өндөрлөсөн бол хоёр дахь тоглолтод Монголын шигшээ баг Малайзын багийг буулган авлаа. Манай волейболчид 3-0 (25-12; 25-19; 25-12) харьцаатай ялалт байгуулжээ.
Маргааш тойргийн шатны сүүлийн тоглолтууд болно. Эхний тоглолт Киргизстан ба Малайз, харин хоёр дахь тоглолт Монгол болон Хонконгийн багийн хооронд болох юм. Харин ням гаригт медалийн төлөөх тоглолтууд болно.