-Н.Энхбаяр төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсны хувьд төрийн тусгай хамгаалалтад байдаг. Тиймдээ ч түүнийг баривчилсан нь хууль бус ажиллагаа гэж ойлгох хүмүүс цөөнгүй байна. Энэ талаар албан ёсны тайлбар өгөхгүй юү?
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Энэ тухай УИХ-аас тогтоол гарсан байдаг. Тогтоолын дагуу төрийн тусгай хамгаалалтад авдаг юм. Энэ хамгаалалт бол ямар нэгэн байдлаар гэмт халдлагад өртөх вий, гэмт хэргийн хохирогч болчих вий гэдэг байдлаар хамгаалдаг болохоос биш хийсэн гэмт үйлдэлтэй нь холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж байгаа хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал огт биш. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан байхад халдашгүй дархан эрхийн байдал яригдахгүй.
-Баривчлах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж ойлгож болох уу?
-Бид хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авсан. Энд улс төрийн ямар ч зорилго байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярын өчигдөр хийсэн долдугаар сарын 1-ний мэдэгдэлтэй холбогдуулан барьж, хорьсон мэтээр ярьж байгаа нь эндүүрэл юм. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Н.Энхбаярыг хэдий хугацаанд саатуулах вэ?
-Сэжигтнээр 14 хоног, хэрвээ шаардлагатай бол яллагдагчаар татаж хоёр сар хүртэл хугацаагаар хорьж болно.
-Өмгөөлөгчтэй нь уулзах боломжоор хангасан уу?
-Өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй уулзах эрх нь нээлттэй байгаа.
-Н.Энхбаяр мөрдөн байцаалтад орж байгаа юу?
-Бидэнд Н.Энхбаярыг гэмт хэрэгт сэрдэх хангалттай нотлох баримт байгаа учраас сэжигтнээр татсан. Тиймээс цаашид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Мэдүүлэг өгөх эсэх нь өөрийнх нь асуудал.
-Та өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад нэлээд удсан. Та хоёр юу ярилцав?
-Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчид нь болон өөрт нь танилцуулж, хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандахыг хүссэн.
-Гэм буруутай нь нотлогдвол хэдэн жилийн ял авах вэ?
-Эрүүгийн хуулийн 150-ийн 3-т зааснаар хүнд гэмт хэргийн төрлөөр сэжигтнээр татсан. Гэм буруутай нь нотлогдвол дор хаяж таван жилийн ял авах болно.