Н.Энхбаярыг баривчилсан шалтгаан юу байв?

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг баривчилсан шалтгаан юу байв?

АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат, Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, УМБГ-ын дэд дарга П.Батбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан эрх зүйн үндэслэлийг хуулийн хүрээнд сэтгүүлчдэд танилцууллаа.

АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат “Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад жилийн нүүр үзэж байна.  Түүнийг Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж байгаа учир өөрийн биеэр ирж, мэдүүлэг өгөхийг олон удаа  өөрт нь болон өмгөөлөгчөөр нь,18 нас хүрсэн гэр бүлийн гишүүнээр дамжуулан мэдэгдэж байсан  боловч нэг ч удаа ирж байгаагүй. Тиймээс хуульд заасны дагуу шүүх, прокурорт хандаж, улмаар Сүхбаатар дүүргийн шийдвэрийн дагуу баривчлах арга хэмжээ зохион байгуулахаар болсон” гэж тайлбарлав.

Улсын мөрдөн байцаах газар болон АТГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дагуу хамтарсан мөрдөн байцаах хэсэг байгуулж, Н.Энхбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа ажээ. Түүнд холбогдон шалгаж буй хэргүүдийн тухайд,

1. Чингэлтэй дүүргийн 6-р хорооны иргэн, тухайн үед “Өргөө” зочид буудлын эзэн байсан  н.Энхжаргал гэгч 2010 оны арванхоёрдугаар сард өргөдөл Н.Энхбаярын эсрэг гаргасан байдаг. Ингээд эхний эрүүгийн дугаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн. Тухайн үед Ерөнхийлөгч байхдаа тухайн үеийн нийслэлийн Засаг даргад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгаруулах журмаар “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байдаг. Гэтэл тухайн үеийн нийслэлийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй байгуулагдаад 10-хан хонож байсан “Хар дун” хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас тухайн обьектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн гэж үзсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. “Хар дун” хэмээх компанийн захирал нь Б.Хуяг гэгч. Энэ хүн нь Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь түүний шадар туслах байсан  Б.Тулгын төрсөн ах нь юм. “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараагаар 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр “Ремиф ” компанийн захирал, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нь тушаал гаргаж ” Ремиф” компанийн охин болгох шийдвэр гаргасан. Ингээд захирлаар нь Б.Хуягийг томилсон байдаг. Ингэж энэ компанийг завшсан гэнэ. Б.Хуяг гэдэг энэ хүн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн үеэс хойш гадаад улс руу дүрвэсэн. Хаа байгааг нь тогтоож чадахгүй байгаа гэх мэдээллийг өгөв.

2. “Улаанбаатар таймс” сониныг менежментийн хувьчлалтай холбогдуулан шалгаж байна.  Тус байгууллага нь их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Үнэндээ тус обьект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Д.Чулуунбаатар ахлагчтай баг уг “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг худалдаж авсан. Ингээд анх үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1 тэрбум төгрөг хоёрыг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр обьектүүдийг үнэгүйдүүлсэн байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Энэ байдлаар нийслэлийн өмчийг завшсан байдаг. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжсэн.

3. Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод байрладаг Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон. Энэ арга хэмжээний үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн. Энэ тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр тухайн үед Гандантэгчинлэн хийдэд хүлээлгэж өгөлгүйгээр өөртөө завшсан, ингээд  тэр тоног төхөөрөмжөөр ТВ-9 телевизийг үүсгэн байгуулсан.

Н.Мягмаржаргал гэгч захиралтай “Грийн глобал интернэшнл”, “Хэнланд”, гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгт бүртгэлтэй. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоороо Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогддог юм. н.Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ тухай бүрт нь биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах тухай тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад заавар, чиглэл өгсөн байдаг. Улмаар гурван сая 356 мянга 369 ам.долларыг н.Мягмаржаргал гэдэг хүнд завшуулсан. Мөн Баянзүрх дүүргийн долдугаар хороо Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдаж авсан байдаг” гэж мэдээллээ.

                                        Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж