Эрчимтэй эдийн засгийн өсөлт нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг шаардаж байгааг АХБ-ны эдийн засагчид тайлбарласан юм. Азийн хөгжлийн төлөв /АЭЗТ/ 2012 нь хөгжиж буй Азийн улсуудын макро эдийн засгийн багц судалгааг бүс нутаг болон улс орны байдлаар нь гаргадаг Азийн хөгжлийн банкны эдийн засгийн судалгааны гол баримт бичиг юм. Уг судалгааны нээлтийн үйл ажиллагааны хэвлэлийн хуралд АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч ноён Клод Бодарт, Ахлах Эдийн засагч Ян Хансэн, Эдийн засагч Л.Амар нар судалгааг танилцуулсан юм.
Л.Амар: Урт удаан хугацааны тогтвортой, нийтэд хүртээмжтэй өсөлтийг бий болгох нь чухал
АХБ-ны Монгол Улс дахь Суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амартай цөөн хором ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг АХБ хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, цэвэр бохир усан хангамж зэрэг нэн чухал үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, төрийн зүгээс дэд бүтцийн салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ байна. Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбарын байгаль орчинд ээлтэй, зөв шударга байдлаар хөгжүүлэх зэрэгт мөн л дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд шаардлагатай. Хүний хөгжил сангаас нийт хүн амдаа хавтгайруулсан бэлэн мөнгө олгосон төсвийн хэт их тэлэлт нь инфляцийг хөөрөгдүүлж, эдийн засгийг гадны сөрөг нөлөөлөлөөс хэт хамааралтай, эмзэг болгож байна.
-Эдийн засгийн гадны сөрөг нөлөөлөлд үл автах, хүчирхэг эдийн засагтай болохын тулд ямар алхах хийх үү?
-Төсвийн тогтвортой байдал, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахын тулд нийтэд хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн зарлагын бодлого явуулах хэрэгтэй. Тиймээс төсвийн зардлыг тээвэр болон эрчим хүчний салбарын дэд бүтэц, цэвэр бохир усан хангамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг ажлын байрыг олноор бий болгодог салбарт урт хугацааны хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь илүү оновчтой. Монгол Улс төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа тууштай хэрэгжүүлж, урт удаан хугацааны тогтвортой, нийтэд хүртээмжтэй өсөлтийг бий болгох нь чухал. Эдийн засгаа олон тулгууртай, төрөлжүүлэх хэрэгтэй.
-Банк санхүүгийн салбарын маань эрүүл мэнд ямар байна вэ?
-Банкны салбар 2009 онд нүүрлэсэн санхүүгийн хямралаас хойш ихээхэн сэргэсэн. Гэвч банкны зээл олголт 2011 оны эцсийн байдлаар өмнөх жилээс 70 хувиар нэмэгдсэн нь эдийн засаг дахь эрэлтийг өдөөхийн зэрэгцээ банкны эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс Монголбанкны зүгээс банкуудын эрсдэлд чанд хяналт тавьж, журмаар тогтоож өгсөн зохистой харьцаа, шалгуур үзүүлэлтүүдийг хянаж байхгүй бол эрсдэлтэй.
Эх сурвалж: http://www.mongolianeconomy.mn