Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг ёс зүйгүй баривчлах хэрэг байсан юм уу. Баривчилгаа хийсэн хүмүүс энгийн хувцастай, Н.Энхбаяртай зүй бусаар харьцаж байсан. Энгийн хувцастай, нүүрээ халхалсан хүмүүс хаанахын хүмүүс вэ?
-Баривчлах тогтоолыг МАХН-ын дарга Н.Энхбаярт албан ёсоор уншиж, танилцуулсан. Харамсалтай нь, тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзсан. Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авч, албадан баривчиллаа. Энгийн хувцастай хүмүүсийн тухайд, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд байсан.
-Нэг хүнийг баривчлахын тулд нүсэр их бие бүрэлдэхүүнээр далайлгасан, мөн галт зэвсэгтэй байсан гэсэн мэдээлэл гараад байна?
-Нийгмийн хэв журам алдагдах магадлалтай байсан тул хуулийн дагуу, 300 цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй ажилласан. Эхлээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэв журмыг хамгаалах газар ажиллах ёстой байсан. Удалгүй замбараагүй байдал үүсч магадгүй гэдэг үүднээс хүч нэмсэн байдлаар ажиллалаа. Харин ямар ч галт зэвсэг ашиглаагүй гэдгийг хэлэх байна.
-Яагаад заавал шөнийн цагаар баривчилсан юм бэ?
-Мөрдөн байцаалтад удаа дараа ирээгүй бол шөнийн цагт албадан ирүүлэх тухай хуульд заасан байдаг. Шөнийн цаг гэдэгт 22-06.00 цагт багтаж буй тул 06.00 цагт баривчилсан.
-Цагдан хорих газарт аваачсан бол дараагийн шатны арга хэмжээг хаанаас авах юм бол?
-Сэжигтнийг суллах, цаашид өөр арга хэмжээ авах нь тушаал болон тогтоол гаргасан газрын шийдэх асуудал юм. Мөн хэрэгжүүлэхэд гарсан үр дагаврыг яах вэ гэдгийг Эрүүгийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байдаг.