Инфляци өссөөр л байх уу

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Инфляци өссөөр л байх уу

Инфляцийг халууны шилээр хэмжиж болох юм. Тэгвэл Монголын эдийн засгийн халуурал өнөө 17.3 хувьд хүрээд байгааг Үндэсний статистикийн хорооноос саяхан мэдээллээ. Ийнхүү инфляц өсөхөд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нөлөөлсөн хэмээн мэргэлжилтэнүүд тайлбарлаж байна. Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд шатахууны үнийн өсөлт, сонгуулийн амлалт, махны жолоогүй үнэ давхар нэрмээс болсон гэж эдийн засагчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Давалгаалсан уул уурхайн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй тарааснаар эдийн засгийг эвдэж мэдэхийг МУИС-ийн захирал, эдийн засагч Ц.Даваадорж учирлаж байсан ч манай улс эдийн засгаа төрөлжүүлэх алхмыг өнгөрсөн хугацаанд дорвитой хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хүчирхэг, хямралд тэсвэртэй эдийн засгийг Монгол Улс байгуулж чадаагүй байгааг үнийн өсөлтөөс харж болох нь.

Инфляцид ташуур болсон махны үнийн өсөлт өнгөрсөн нэгдүгээр сараас хүчээ авсныг иргэд мэднэ. Тиймээс цаашид инфляци өссөөр байх уу. Хаврын тарчиг цаг одоо л эхлэх гэж байна. Махны нийлүүлэлт багасаж, хүнсний ногоо, сүү цагаан идээ өдийд аль аль нь ховорддог үе. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ инфляцийг хөөрөгдөж, иргэдийн хэтэвчийг холгохоос эмээж буй улстөрчид байна уу. Засгийн газрын ээлжит хуралдаанаар алслагдмал, говийн бүсэд ажиллаж амьдарч буй иргэдэд мөнгөн тэтгэмж олгох тогтоол гаргасан нь бүр ч инфляцыг хөгжөөлөө.  Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгтэй зэрэгцэн энэхүү мөнгийг олгох болсон нь бүр ч гайхалтай.

Говийн бүсийн долоон аймгийн 45 сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг, алслагдсан найман аймгийн 71 сумын өрхийн гишүүн бүрт 7000 төгрөг олгох гэж байна. Өгч буй нь сайхан ч, авч байгаадаа ямар их алдагдал авчирч байгаагаа тооцож үзсэн болов уу.

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж