Баривчлах үйл явц хуулийн дагуу болсон гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Баривчлах үйл явц хуулийн дагуу болсон гэв

АТГ-аас өнөөдөр өглөө 06.05 цагийн орчимд МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилж, Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хүргэсэн билээ. Өчигдөр 21.00 цагийн орчимд эхэлсэн баривчлах ажиллагаа өглөө болтол үргэлжилсэн. Энэ хугацаанд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат МАХН-ын дарга Н.Энхбаярын байсан байранд очиж, түүнтэй уулзаад гарахдаа маргааш /өнөөдөр/ хэргийн талаар, нөхцөл байдлын шалтгааны талаар хуулийн хүрээнд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм.

Улмаар өнөөдөр АТГ-аас сэтгүүлчдэд хандан, мэдээлэл хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явц хуулийн дагуу болсон гэдгийг хэлээд, түүнийг гурван үндэслэлээр баривчлах болсон гэв. Түүний хэлснээр Н.Энхбаяр нь “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хууль бус хувьчлал, түүнийг УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байх хугацаанд нь Япон улсын зүгээс Монголчуудад зориулан бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжүүдийг хувьдаа ашигласан гэх хэрэгт сэжигтнээр татагдсан байна. Дээр дурдсан хэргийг АТГ болон УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэсэг тогтоож, 21147924 тоот хэрэг үүсгэн хамтарсан мөрдөн байцаах хэсэг байгуулж, өдгөө энэ хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг явуулж байгаа ажээ.

Ингээд Н.Энхбаярыг 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр тооцож, тогтоолыг өөрт нь танилцуулж, зарлан дуудах хуудас гардуулсан ч ирээгүй, дараа нь өмгөөлөгчөөр дамжуулсан ч ирээгүй. Мөрдөн байцаах шатанд Эрүүгийн хуульд заасны дагуу нийт 10 удаа зарлан дуудахад хүндэтгэх шалтгаангүйгээр нэг ч удаа ирээгүй тул хуульд заасан журмын дагуу хэргийг шүүх, прокурорт танилцуулжээ. Улмаар СБД-ийн шүүхээс өчигдөр буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд 17.00 цагт сэжигтэнг таслан хорих захирамж гаргасан гэнэ. Баривчлан саатуулах тогтоолыг Н.Энхбаярт танилцуулсан ч ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн тул албадан ирүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу албадан баривчлах ажиллагаа явагдсан гэлээ.

Түүнчлэн сэжигтнээр цагдан хорих хугацаа 14 хоног, шаардлагатай бол яллагдагчаар хоёр сар хорих тухай мэдээллийг Э.Амарбат сэтгүүлчдэд өгөв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж