МАХН шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

МАХН шаардлага хүргүүлэв

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, тус намын нарийн бичгийн дарга Л.Цог нар дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Нэргүй, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нарт шаардах бичиг хүргүүллээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын хэлснээр бол Сүхбаатарын талбайд 14.00 цагийн орчимд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсан. Ойролцоогоор нэг аймгийн жагсаал 200-300 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа тухай мэдээллийг орон нутгаас ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдэгдсэнээр өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тиймээс амь нас нь эрсдэлд орох аюултай. Дээр нь хууль хяналтын байгууллага нь төрийн тэргүүн байсан, төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг баривчлах нэрийн дор амь насанд нь халдахыг завдсан. Тиймээс Н.Энхбаяр даргын амь насанд халдахыг завдсан гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагад гомдол гаргахаар шийдсэнээ мэдэгдлээ. Түүнчлэн 24 цагийн дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймгийн Урьдчилан хорих төвөөс суллахгүй бол улсын хэмжээнд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэж хэллээ. Энэ нь маргааш өдрийн 14.00 цагаар дуусна. Хэрэв дээр заасан цагт Н.Энхбаяр даргыг суллах талаар ямар нэг шийдвэртэй алхам хийхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих аж. Харин үүнээс үүдэн гарсан хохирлыг төр хариуцна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ц.Сандаг-Очирт нарт хариуцлага тооцох ёстой гэсэн юм.

Энэхүү шаардах бичгийг гардаж авсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Нэргүй, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар холбогдох бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад даруй гардуулахаа мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж