“Монголын мэдээ” сонины үйл ажиллагааг тасалдууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Монголын мэдээ” сонины үйл ажиллагааг тасалдууллаа

“Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо, орлогч эрхлэгч Б.Оюунгэрэл, улс төрийн албаны сэтгүүлч Б.Даваа, ахлах редактор Э.Энхцэцэг нар “Буян”-гийн хэмээх тодотголтой Б.Жаргалсайхан тус редакцийн сэтгүүлчдийг дарамталсан талаар дөнгөж сая хэвлэлийн бага хурал зарлаж,  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ерөнхий эрхлэгч С.Гантогоо хэлэхдээ “Энэ үйлдэл ганцхан манай сонинд гарахгүй. Улс төрийн амьдрал бужигнаж байгаа энэ үед бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад гарахгүй гэх баталгаа алга. Урьд шөнө манай сонинд ноцтой гэж хэлж болохоор үйл явдал боллоо. Манай сонины өнөөдрийн дугаарт БНН-ын дарга Б.Жаргалсайханы “Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог” гэсэн гарчигтай ярилцлага гарсан. Үүнээс болж манай сэтгүүлчдийг 21.00 цагаас эхлэн шөнөжингөө утсаар дарамталлаа.

Дарамталж байгаа шалтгаан нь та нар Н.Энхбаярыг баривчлах гэж байгааг мэдчихээд надаас аль нэг намын захиалгаар ярилцлага авсан байна. Тийм учраас танай сониныг хэвлүүлэхгүй, хэвлэгдсэн ч тараалгахгүй, бүгдийг нь худалдаж авна гэж дайрсан. Эхлээд манай сонины редакци байрладаг Хэвлэлийн хүрээлэнгийн гадаа гурван хар жийп машинтай хэсэг залуучууд ирж манай сонины редакци руу дайрч орж ирсэн. Тэд орж ирээд “Монголын мэдээ” сонин хэвлэгдсэн үү, үгүй юу, редакци нь хаана байдаг вэ гэсэн байна. Өөрийнх нь хэлсэн ярьсныг, өөрөөр нь уншуулчихаад сониндоо нийтэлсэн сэтгүүлчдийг маань орой, шөнө утсаар ярьж “Танай сониныг гаргамааргүй байна. Бүгдийг нь худалдаж авъя. Н.Энхбаярын талаар дахин ярилцлага өгье гэж яриад ярилцлага авсан сэтгүүлчийг “Гэр чинь хаана байдаг вэ. Уулзаж ярилцъя” хэмээн бие төлөөлөгчөөрөө дахин дахин яриулсан байна. Эцэст нь “Монголын мэдээ” сониныг уншигч, захиалагчиддаа очихын өмнө шуудангийн салбаруудаар очиж сонинг маань худлаа хэлж, худалдаж авсан явдал гарлаа. Энэ бүхэн улстөр буцалж, сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор сэтгүүлчдийг, сонины редакцийг дарамталсан үйл явдал юм” гэлээ.

Өчигдөр орой 21 цагийн үед “Монголын мэдээ” сонины редакцид бадриун биетэй залуу орж ирж “Монголын мэдээ” сонины редакци мөн үү гэж асуусан байна. Тэд орж ирэхдээ Хэвлэлийн хүрээлэнгийн гэрэл цахилгааныг тасалж, гарахдаа асаасан. Сонин нэгэнт хэвлэгдсэн байсан учраас редакцийнхан сонингоо жижүүрийн ширээн доогуур нууж авч үлджээ. Тухайн үед редакцид mminfo.mn сайт дээр Н.Энхбаяр даргыг баривчлах гэж буй үйл явдалтай холбоотой мэдээ бэлтгэхээр ажиллаж байсан сэтгүүлч, оператор хоёр байсан байна. Шөнийн 01 цагийн үед тус сонины жолоочийг сониноо авахаар ирэхэд хэвлэх үйлдвэрийнх нь гадаа гурван хар машинтай залуус зогсоогоод ямар сонин авахаар ирж байгааг нь асуужээ. Жолооч үйл явдал ямархуу байгааг редакцийнхнаас сонссон учраас өөр сонины нэр хэлээд сонингоо авч гарсан байна.

Энэ үед гурван машины нэгэнд Б.Жаргалсайхан өөрөө сууж байсан тухай жолооч өглөө нь редакцид ирж хэлжээ. Сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо “Манай жолооч сонингоо зарим шуудангийн салбаруудад тарааж чадсан. Гэтэл араас нь нөгөө залуучууд очиж, хоёр салбараас сонинг булааж, худалдаж авсан байна. Монгол шууданд шөнийн хоёр цаг гэхэд сонин очдог. Өглөө 06.00 цагт тараагддаг. Гэтэл “Монгол шуудан” дээр очиход нөгөө залуус ирчихсэн, ямар сонин авч ирж байгааг сонины жолооч нараас асууж, сонингуудыг нэг бүрчлэн үзэж шалгаж үзэж байсан учраас сонингоо өгч чадаагүй буцсан байна.

Манай жолооч МИАТ, Төмөр зам гээд бусад албан байгууллага, компаниудаар сонингоо тараагаад буцаж 04.00 цагт Монгол шуудан компанид ирэхэд нь нөгөө машинтай залуус мөн л байж байсан байна. Жолооч тэр үед өөр сонингоор сониноо боож, Монгол шууданд өгч чадсан байна” гэсэн юм.  Тэрбээр цааш нь “Манай зарим шуудан маш хариуцлагагүй ажилласан. Жолооч тараагаад явсны дараа өнөөх залуус бид “Монголын мэдээ” сонины ажилтнууд байна. Манай сонинд ташаа мэдээлэл гарсан учраас бид буцааж татахаар ирсэн гэж хэлээд Sky post-д 5000 төгрөг төлөөд “ММ” сонинг булааж аваад гарсан.

“Түгээмэл шуудан”-гийнхан тэдэнд сонинг маань өгөөгүй байна лээ. Харин “Улаанбаатар шуудан”-гийнхан тэр хүмүүст сонинг маань бүр худалдсан. Тэр залуучууд “Бид “Монголын мэдээ” сонины эрхлэгч удирдлага нь байна. Алдаатай материал гарсан, сонингоо буцааж татъя гээд ороход нь зарчихсан байгаа нь манай сонины нэр хүндэд халдсан ноцтой хэрэг боллоо” гэдгийг хэлж байлаа.  Түүнчлэн “Дашрамд хэлэхэд, Монгол шуудан, Түгээмэл шуудан компаниуд маш хариуцлагатай ажилласан. Олон мянган уншигчдад сонины өнөөдрийн дугаар очиж чадсангүй” гэлээ.

БНН-ын дарга Б.Жаргалсайханаас ярилцлага авсан “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б.Даваа болсон үйл явдлын талаар тайлбарлахдаа “Долдугаар сарын 1-ний хэргийн талаар БНН-ын дарга Жаргалсайханаас байр суурийг нь сонсъё гэж  жирийн сэтгүүлч хүнийхээ хувьд бодож байсан. Бараг хагас сар хөөцөлдөөд уржигдар МҮЭСТО-д хурал хийж байхад нь очиж авсан. Сахиж суусаар байгаад нэлээд оройтсон учраас тэр өдрийнхөө сонинд гаргаж чадалгүй өнөөдрийн дугаарт ярилцлагаа нийтэлсэн юм. “Ноцтой зүйл ярьсан учраас эргэж харуулах хэрэгтэй байна” гэж Б.Жаргалсайхан дарга хүссэн болохоор би 17.00 цагийн үед ярилцлагыг өөрт нь уншуулахаар туслахаар нь явуулсан. Орой 20.00 цагт дугаар буутал хүлээгээд өөрөөр нь засуулсан, хасч танаж өгсөн ярилцлагыг нь сониндоо тавьсан юм. Гэтэл орой сонин хэвлэгдсэний дараа туслах нь утасдаж “Манай дарга өөр ярилцлага өгнө гэж байна. Чи Н.Энхбаяр даргын үйл явдал дээр байна уу, хаана байна. Танай гэр хаана байдаг юм бэ” гэж асуусан. Би Н.Энхбаяр даргатай холбоотой сурвалжлах хэсэгт ажиллаж байгаа сэтгүүлчийнхээ утасны дугаарыг өгсөн. Харин тэр сэтгүүлч рүү “Өөр ярилцлага өгнө, танай редакци хаана байдаг юм” гэх зэргээр шал өөр юм асуусан байна лээ. Би зүгээр л сэтгүүлчийн ажлаа хийсэн. Гэтэл аль нэг намын захиалгаар ирж ярилцлага авсан. Би чамтай хариуцлага тооцно. Уулзана гэх зэргээр улс төрч хүнд баймгүй үйлдэл гаргаж байгаа нь надад айдас төрүүлсэн, Чи Н.Энхбаярыг баригдахыг мэдсээр байж надаас ярилцлага авсан” хэмээсэн юм.

Харин Орлогч эрхлэгч Б.Оюунгэрэл “Бид хариуцлагатай улс төрч хүний хэлсэн ярьсан зүйлийг л сониндоо нийтэлсэн болохоос сэтгүүлчийнхээ хувиар үзэл бодлоо бичээгүй, хэн нэгний нэр хүндэд халдаагүй, хүнийг гутаан доромжлоогүй. Энэ бол нийтлэл биш тухайн хүний өөрийнх нь хэлсэн ярьсан зүйл.  Хэлсэн үг, хийсэн үйлдлээ хянаж чадахгүй энэ хүн 15 жилийн түүхтэй өдөр тутмын сонины нэр хүндэд халдаж байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл боллоо. Шаардлагатай гэж үзвэл бид ямар ч засвар хийгээгүйгээр нь бүрэн эхээр нь диктафоноос буулгаж уг ярилцлагыг дахин нийтлэх болно. Уг ярилцлагад тийм ч ноцтой асуудал яриагүй байсан. Бид 14 хоногийн өмнөөс Б.Жаргалсайханаас ярилцлага авахаар төлөвлөгөөндөө тусгасан байсан. Энэ бол ямар нэгэн нам, бүлгийн захиалгаар нийтлэгдсэн ярилцлага биш. Ярилцлага нийтлэгдэж байгаа өдөр, Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаатай давхцсанаас л ийм хэрэг өдүүлсэн гэж бодож байна. Сэтгүүлч түүнээс ярилцлага авсан, өөрт нь уншуулсан, редакцийн ямар нэгэн утга найруулгын засвар хийлгүйгээр нийтэлсэн. Б.Жаргалсайхан юунаас айсандаа ийм увайгүй зан гаргасныг мэдэхгүй. Бид шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандана ” гэв.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж