Барилгын гүйцэтгэл 30-90 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Барилгын гүйцэтгэл 30-90 хувьтай байна

Зун цаг ирэхтэй зэрэгцэн барилгын салбар үнэмлэхүйц хөдөлгөөнд ордог гэдэг. Ялангуяа энэ жилийн тухайд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ард иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр ид өрнөж байна гэж болно. Энэ хүрээнд барилгын компаниудын нэг м.кв талбайн үнэ хэт хөөсрөлттэй байгаа гэсэн шүүмжлэл, асуудал боссон. Тиймээс барилгын өртөгт Сангийн яам, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Монголын барилгачдын холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд гуравдугаар  сарын 5-наас эхлэн шалгалт хийж, бодит өртгийг дээд тал нь 1,193 мянган төгрөг гэж тогтоосон. Харин компаниуд энэ үнийг мөрдөх эсэхийг Барилгачдын улсын зөвлөгөөнөөр шийдэх юм. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржоос 100 мянган айлын орон сууцны эргэн тойронд буй асуудлын талаар сонирхлоо.

-Аливаа асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн орчин эхлэл нь байдаг шүү дээ. Тэгэхээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн эргэн тойронд үүсч буй асуудлыг шийдэхийн тулд ямар эрх зүйн орчин шаардлагатай байна вэ? 

-Энэ хүрээнд газрын тухай хуулийн дагуу барилга барих  газрыг хэрхэн чөлөөлж авах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Жишээ нь, Хятад улс бол газар нь төрийн мэдэлд байдаг улс учир газар чөлөөлөлтийг шийдэхэд амар. Харин хувийн газрыг яаж чөлөөлөх вэ, ард иргэдийнхээ өмчийг хэрхэн шийдэх вэ гэдэгтэй нүүр тулна. Нэг нь нийтийн журмаар байх хэрэгтэй.  Харин хугацааны хувьд удаан байна. Тухайлбал, хамгийн хүндрэлтэй байршил болох 7, 14 дүгээр хороолол сүүлийн хэдэн жил дэд бүтцийн асуудлаар гацаанд байсан гэж болно. Одоогийн байдлаар дэд бүтэц тавих газрыг чөлөөлчихлөө. Тэгэхгүй бол байшин барилга урсаад явчихаар байдалтай л байсан. Гэвч газрын энэхүү асуудлыг шийдвэрлэх, газрын чөлөөлөлтийн нэгдсэн эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэлийн, нийгмийн дэд бүтэц нь хаана байгааг тооцож үзэж байж орон сууцны хөгжүүлэлтийг хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ бүгдийг цогцолбороор нь харах шаардлага гарч байгааг зохицуулах хэрэгтэй гэсэн үг. Бас Монголдоо барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, ялангуяа арматур болон цементын тал дээр анхаарах хэрэгтэй байгаа.

-Байшин барилга сүндэрлэхийн тулд хот төлөвлөлтөнд  ихээхэн нөлөөг үзүүлдэг гэдэг?

-Тэгэлгүй яахав. Хот гэдэг бол газар доор болон газар дээрхийг хамарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тунелын системийг нэвтрүүлэх тухай асуудлыг дэвшүүлж байна. Энэ дагуу шинээр барилга барих гэж байгаа бол тунелын системийг эхнээс нь шийддэг баймаар байна. Энэ нь барилга байшинг, хот төлөвлөлт хийгдсэн хойно нь сэргээн засварлах биш, эхнээс нь тохироод зохицуулаад явахын ач холбогдлыг харуулах юм. Эрчим хүчээ газаар орлуулж болох ямар боломж байна, энийг хаана хэрэгжүүлэх боломжтой гэдэг асуудал байна.  Тэгэхээр хот байгуулалт, дэд бүтцийн эдгээр асуудлыг шийдэхийн тулд барилгын тухай хууль, хот байгуулалтын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.

-Барилгын м/кв-ын үнэ зах зээлийнхээ урсгалаар хувьсдаг. Сүүлд тогтоосон  1,193 мянган төгрөг хэдий хугацаанд хүчин төгөлдөр байх бол?

-Барилгын бодит үнийг 1,193 мянган төгрөгөөр тогтоосон нь энэ ондоо үйлчлэх үнэ гэж хэлж болно. Дараа жил нь барилгын материалын холбогдолт бүхий л судалгааг ахин явуулж, индексжүүлнэ. Тэгэхээр тухайн үед мөн шинэ бодит үнэ гарч ирэх юм. Гол нь бүх барилгын компанид энэ үнийг шахаж байгаа биш. Ерөнхийдөө дундаж орлогтой иргэдэд зориулж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд м/кв-ынхаа үнийг 2 сая гээд байвал, үүнийгээ заавал буулга гэхгүй.  Хөтөлбөрөөс гадуур орон сууцаа зарах нь компанийн өөрсдийнх нь асуудал шүү дээ. Гэхдээ тодорхой түвшинд энэ салбарт үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа бол нийгмийн ухамсартай л байх хэрэгтэй. 60 хувийн ашгаа олоод явах уу, 30 хувийн ашгаа олоод, иргэдийнхээ хэрэгцээг хангаад, төрөөсөө дэмжлэг аваад явах нь дээр үү гэдгийг бодох л хэрэгтэй, ухамсарлах л хэрэгтэй.

-Одоогийн байдлаар банкны шаардлага хангасан хүмүүс хэр байгаа бол?

-Ер нь одоогийн байдлаар банкны шаардлагыг хангасан 537 хүн байна. Үүнээс харахад, 34 хувь нь 1,200 мянган төгрөгөөр гэрээгээ байгуулсан, 30 орчим хувь нь 1400 мянган төгрөгөөр гэрээгээ байгуулсан байна. Үлдсэн нь 1 сая төгрөгөөр асуудлаа шийдсэн байна.

-200 тэрбумын бондын хүрээнд санхүүжилтыг харах нь учир дутагдалтай байх л даа?

-Ерөнхийдөө энэ хөтөлбөрийн төсвийг 200 тэрбумаар харж , хязгаарлаж болохгүй л дээ. Энэ бол эхлэл. Цаашдаа хэрэгжээд явах тусам эх үүсвэрийг нь зах зээл дээрээс гаргаж ирэх л учиртай ийм асуудал.  Орон сууцны хөтөлбөрт хамрагдах “Капитал” банк, Төрийн банкыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу сонгосон юм. Одоогоор бол 200 тэрбумын бондын эх үүсвэр буюу сан дуусч байна. Цаашдаа банкуудыг татан оролцуулах, энэ талаарх асуудлыг шийдэхээр Сангийн яам, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.  Тавдугаар сарын 1-ний дотор энэ асуудлыг шийдэх шаардлага байгаа бөгөөд бололцоо бий юм. Энэ талаар Барилгачдын улсын зөвөлгөөнөөр цаашид хийх ёстой ажил болон, төлөвлөгөөг гаргах болов уу гэж бодож байна.

-Хоёр дахь жагсаалтаар нэмж батлагдсанаар нийлээд 127 мянга гаруй орон сууцны барилга барих төлөвлөгөө 2016 он гэхэд бүрэн хэрэгжих болов уу?

-Ерөнхийдөө дүгнэвэл, 2016 он гэхэд хөтөлбөрийн хүрээнд орон сууцнууд баригдаж дуусах хангалттай боломж бий гэж үзэж байна. Учир нь энэ жил гэхэд, барилгын гүйцэтгэлээс харахад, 11900 айлын орон сууц  ашиглалтанд орж болох нь. Нэг жил зургаан сарын дараа 25 мянган айлын орон сууц ашиглалтан д орж болох бололцоо хангагдаж байна гэсэн үг. Сүүлд нэмж батлагдсанаар 127 мянган айлын орон сууцнаас одоогийн байдлаар улсын хэмжээнд барилгуудын гүйцэтгэл 30-90 хувийн гүйцэтгэлтэй байна гэж шалгалтын дүнгээр гарсан.

-Барилгачдын улсын зөвлөгөөний дүнд ард иргэд ихээхэн хүлээлттэй байгаа болов уу. Ямар асуудлуудыг шийдэх бол?

-Нэн тэргүүний асуудал болсон барилгын компанийн тогтоож байгаа нэг м/кв-ын үнийг ямар байдлаар хязгаарлах вэ гэдгийг шийдэх юм. Өөрөөр хэлбэл, саяны шалгалтаар гарсан бодит үнэ болох дээд тал нь 1,193 мянган төгрөгийг төрийн зүгээс санал болгож, компаниуд энэ дүнг барьж чадах уу гэдгийг хэлэлцэнэ гэсэн үг. Түүнчлэн өөр нэг асуудал бол хөтөлбөрийг цаашид энэ хэвээр үр дүнтэй байлгахын тулд хөрөнгө төсвөө хэрхэн шийдэх вэ, арилжааны банкуудыг хэрхэн татан оруулах вэ гэдэг асуудал байна. Түүнчлэн жишээтэй хэлбэл, эхнэр нөхөр хоёр байлаа гэхэд, нөхрийнхөө нэр дээр хуучин байраа болгоод, эхнэр нь шинээр байр авах нь байгааг яаж шийдэхийг ярилцах юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж