Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

ИЗНН мэдэгдэл гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан хүнийг баривчилсан нь олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн дуулиант явдал боллоо.

Хууль хяналтын болон хүчний байгууллагын удирдлагууд олон нийтэд хандан Н.Энхбаярыг баривчлахаас өөр аргагүй байдалд хүрсэн учир шалтгаанаа маш тодорхой ойлгомжтой мэдээлэл өгч тайлбарлах ёстой гэж ИЗНН үзэж  байна. Одоогоор байдал тодорхойгүй, чухам яагаад хүч хэрэглэн баривчилгаа хийхэд хүрсэн талаар олон нийт ямар нэгэн ойлголтгүй байгаа билээ.  

Төрийнх нь тэргүүн байсан хүнийг шөнө дөлөөр өргөөд ачаад явахыг харсан монголчууд сэтгэл тайван байх аргагүй нь ойлгомжтой бөгөөд гагцхүү чухам яагаад ийм байдалд хүрснийг олон нийтэд тайлбарлах нь хууль хяналтын байгууллагуудын үүрэг юм. Хууль хяналтын болон хүчний байгууллагын удирдлагууд олон нийтэд мэдээлэл өгөх үүргээ ухамсарлахгүй бол болсон үйл явдлын үнэн мөн чанар, учрыг нь ойлгож мэдээлэл аваагүй иргэд улс төрийн ашиг хонжоо хайгчдын үгэнд хөтлөгдөн сэтгэлийн хөөрөлд автаж улмаар элдэв зөрчилдөөн мөргөлдөөнд хүрэх аюул уршигтай билээ.

Ард түмэн мэдэх, мэдээлэл авах эрхтэй. Хууль хяналтын байгууллагууд олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Үүнгүйгээр хяналттай, эмх цэгцтэй, хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим хэрэгждэг нийгэм бий болж чадахгүй билээ.

Иргэний Зориг Ногоон нам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж