УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өнөөдөр бүлгийн ээлжит бус хуралдаан, намын Удирдах зөвлөл хуралдаад урьд шөнө болсон үйл явдалтай холбогдуулж мэдэгдэл гаргаж буйгаа мэдэгдэв.
Мэдэгдэлд “2012 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулжээ. Авлигатай тэмцэх газар иргэн Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасныг прокурорын байгууллага зөвшөөрч шүүгч захирамж гаргасан байна. Энэ үйл ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж байна. Гэтэл үүнийг зарим улстөрийн хүчин улстөрийн байр сууринаас тайлбарлаж түүнд МАН оролцсон мэтээр зориуд мушгин гуйвуулж байгаад харамсч байна. Энэ шийдвэрийг гаргасан Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн байгууллага нь УИХ, Засгийн газар, улстөрийн нам хүчнээс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг болохыг тэмдэглэж байна. Харин хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын эрх, өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
Цаашид хууль, шүүхийн байгууллагын аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, улстөрийн зорилгоор элдэв тайлбар дүгнэлт хийх нь асуудлын үнэн зөвийг олоход саад тотгор учруулж олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж нийгэмд бухимдал үүсгэх ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг сануулж байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Авлигатай тэмцэх газар, шийдвэр гаргасан шүүх, прокурорын байгууллага тухайн асуудлаар холбогдох тайлбар мэдээллийг хуулийн хүрээнд цаг алдалгүй олон нийтэд хүргэхийг шаардаж байна” гэсэн юм.
Энэхүү мэдэгдлийг хийсний дараа бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авав.
-МАН-ын хувьд урьд шөнө болсон үйл явдал нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эрхэд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна уу?
-Цаашид хуулийн байгууллага хуулийг хэрэгжүүлэхдээ ийм завхрал гаргаж болохгүй гэдгийг сануулж байгаа. Албан ёсоор хууль хяналтын байгууллагууд тайлбараа хийх байх. Телевизээр харсан хүмүүст бол хууль зөрчигдсөн зүйл байна гэж ойлгогдож байна лээ. Хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа.
-Өчигдөр Н.Энхбаяр даргыг баривчлах болоход УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар очиж, баригдтал нь хамтдаа байсан. Эдгээр гишүүдийн хувьд хамгийн тэргүүнд намаасаа гарах нь ээ гэдэг мэдээлэл яваад байна л даа. Энэ үнэн үү?
-Хэн ч хэнтэйгээ уулзаж болно. Хоёр гурван хоногийн өмнө би ярилцлага өгөхдөө энэ талаар тодорхой хэлсэн. Шүүмжлэлтэй ханддаг зүйл бий, гэхдээ намаас гарах тухай асуудал байхгүй. Албан ёсоор бүлэгт асуудал тавьсан зүйл байхгүй.
-Гурван гишүүнээс бүлгийн хуралдааны үеэр тайлбар авсан гэсэн. Яг юуны талаар тайлбар авсан юм бэ?
-Урьд шөнө яг тэр газар үйл явдал болоход хамгийн ойр байсан хүмүүс маань бүлгийн гишүүд маань байсан. Тийм учраас тэднээсээ бодит байдал яг юу болов гэдгийг тодруулсан.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ үйл явдалтай холбогдуулж тайлбар хийсэн байлгүй. Юу гэж ярьж байх юм?
-Ц.Нямдорж сайдаас бүлгийн гишүүд асуусан. Ийм ажиллагаа явагдана гэдгийг, явагдсан гэдгийг мэдээгүй байж байгаад өглөө мэдсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.
-Хууль зүйн сайдын мэдэлд цагдаагийн байгууллага харьяалагддаг. Тэгэхээр мэдээгүй байж болох уу?
-Бидний хувьд шийдвэрийг гаргасан байгууллагууд нь Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын байгууллагууд нь байна аа гэдгийг хэлж байна.
Г.ДАРЬ