Д.Гансүрэн: Бид Монголоо хамгаалдаг болохоос дээрэм хийж жижгэрдэггүй

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Д.Гансүрэн: Бид Монголоо хамгаалдаг болохоос дээрэм хийж жижгэрдэггүй

“Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэнг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Танай бүлгэмийнхнийг Дор­ноговь аймгийн Айраг суманд очсон гэж сонссон. Тэнд бай­даг хятадуудыг бужигнуулаад ирэв үү?

-Миний Монголын нэгэн хүүг ашиг хайн тэнэж яваа хужаа зэр­лэгээр хөнөөсөн мэдээг сонсоод тэвчиж чадсангүй. Тэр мэдээ монгол хүн бүрийн чихэнд яаж сонсогдсон, ямар байсан надад ч тийм байна. Тэгээд л залуусаа цуглуулаад шөнөөр гараад дав­хичихсан.
Айрагт байдал хэцүүхэн байна. Нутгийнхан нь жонш олборлож л амьдралаа залгуулдаг. Сумын нутаг дэвсгэрийн 96 хувь нь хята­дуудын мэдэлд байдаг. Хятадууд худалдаж авсан газартаа тэсэлгээ хийж жонш олборлодог. Тэр үед нь монголчууд бэртэж, гэмт­сэн тохиолдол цөөнгүй гарсан гэ­сэн. Тэнд монголчууд хүний га­зар амьдарч байгаа юм шиг хята­дуудын сиймхийгээр жонш ол­борлож, хэдэн төгрөг олдог. Эзэн суусан хятадууд нь хэдэн тон­ноор нь баялгийг нь зөөдөг. Тэг­сэн хэрнээ уугуул иргэдийг нь хамгаалагчдаараа хөөлгөдөг, туул­га­даг. Нэг үгээр хэлбэл монгол­чуу­дыг талцуулж бахаа хангадаг хэрэг. Биднийг очиход нутгийнхан цуг­лаж, зовлонгоо ярьцгаасан. Болж байгаа юм ховор юм билээ.Ха­рин хэргийн эзэн хятадуудыг айм­гийн төв рүү аваад явчихсан бай­­сан. Тиймээс суманд үйл ажил­лагаа явуулдаг компаниудын хя­тад ажилч­дыг шалгалаа. Да­раа нь талийгаачийн гэрт очиж эм­гэнэл илэрхийлэхэд хэцүү бүхнийг сонс­сон. Ээж нь “Монгол хүн но­хойг ч дайрч алдаггүй. Гэтэл ми­ний хүүг нутагт нь хятадууд зо­дож, дайрч хөнөөлөө” гээд л уйлаад байсан. Бас хятадуудын гар хөл болсон хамгаалалтын албаныханд гомдолтой байгаа юм билээ. Монголоо монголчууд л хайрлахгүй бол хэн хайрлах юм бэ.
Харийнхны гарт үрэгдээд дуусах нь байна шүү дээ. Тэндээс ийм л дүгнэлт хийхээр байна.

-Хятад ажилчдыг яаж шалгасан юм бэ. Та нараас айж байгаа янз байна уу?

-Урд нь ч очиж бичиг баримтыг нь шалгаж байсан. Тэд  чинь ажиллахаар биш, жуулчилж явна гэж ирчихээд хөдөө орон нутагт очоод бүгчихдэг хүмүүс. Шалгахаар иргэнийхээ бичиг баримтыг үзүүлэхгүй. Хотод байгаа гэдэг юм. Гэхдээ энэ удаа очиход ямар нэгэн зөрчилтэй хүн байгаагүй. Бичиг баримтаа үзүүлж л байна лээ. Хүн амины хэрэг гарсан компанийг хаачихсан байна. Тэнд нь очиж үзэхэд сумын хамгийн үзэсгэлэнтэй агуйг нь хашаад авчихсан байсан. Их том газар эзэмшдэг юм билээ. Нутгийн удирдлагуудыг нь хятадуудын гар хөл болж, нутаг орноо зарсан гэж ярих хүн ч байсан. Засаг даргатай нь уулзах гээд амжсангүй. Бид бөөнөөрөө очиж байгаа болохоор хятадууд айх нь тодорхой. Ганц, хоёрыг нь хашраах нь хашраасан. Үзүүлээд л өгсөн. Хууль зөрчлөө гээд асуудал үүсгэдэг болохоор бас хамаагүй ярьж болохгүй байна аа. Гэхдээ хужаа нарыг тэгж л айлгахгүй бол давраад байна шүү дээ. Тэнд монголчууд биш хятадууд хүчтэй байдаг бололтой. “Та нарыг тэгж давраахгүй шүү” гэж сануулаад ирсэн. Хятадууд нутгийнхантай зо­доон, цохион үүсгэхээрээ монгол хамгаалагчдаар түрээ барьдаг гэсэн. Бараг л монгол хүнээс Монголыг нь худалдаж авдаг юм биш үү.

-Юу гэсэн үг вэ?

-Хятад компанийн газраас жонш ухсан хүнийг хамгаалагчид саатуулж, шанд нь хайрцаг тамхи авдаг гэж байгаа.  Хэдэн үеэрээ амьдарч байгаа газраасаа жаахан жонш ухаад амьдралаа залгуулах гэсэн иргэдийн буруу юу байгаа юм. Эзэн нь эзэн шиг байх хэрэгтэй биз дээ. Харин хятадууд зочин шиг ашгаа аваад буцна биз. Хүний газар Монголыг монголоор нь дээрэлхүүлэх ямар хэрэг байна. Хятадын хөрөнгө оруулалттай компанийн монгол хамгаалагчид бүгд таньдаг залуус байсан. Тэдэнд “Та нар ингэж болохгүй ээ” гээд өмнөөс зовлон тоочиж байсан. Тэсэлгээ хийхээр нутгийн иргэд өртчих вий гэж болгоомжилж хөөдөг. Амьдралаа залгуулахын тулд цалин харж байгаа гэцгээж байна лээ. Хятадуудаас болж монголчуудтайгаа муудалцаад яахав гээд “Сор”-ынхонтой нэг их юм яриагүй ээ. Ерөнхийдөө хятадууд лиценз нэрээр авсан талбайгаасаа монголчуудыг хөөдөг юм билээ. Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангиас 100 гаруй цагдаа аваачиж иргэдийг хүчээр хөөсөн гэсэн. Гэхдээ тэд цагдаа биш гэж нутгийнхан ярьж байсан. Тэр тухай сумын Засаг даргад хэлэхэд тоогоогүй гэнэ лээ.

-Танай бүлгэмийнхэн Хятадын хөрөнгө оруулалттай компанид очоод ажилчдыг нь жагсааж байгаад шалгадаг юм гэсэн. Хятадууд ч хуулийнхнаас илүү та нараас айдаг нь анзаарагдаж байсан. Айрагт ч бас тэгсэн үү?

-Дарханд савхи үйлдвэрлэдэг компанийн удирдлагууд монголчуудад цалинг нь өгөхгүй болохоор очиж, хятадуудыг жагсааж байсан. Ингэсний хүчинд монгол ажилчдыг өмөөрөх хүнтэй гэдгийг ойлгуулсан. Нутагтаа ажиллаж байгаа нь 100 мянга хүрэхгүй цалин авдаг. Харин хятадууд нь сая шүргэсэн мөнгө халаасалдаг байж болохгүй л байхгүй юу. Айрагт жагсаад байхаар олон хужаа байгаагүй. Зовлон ярьсан монголчууд л угтсан. Байсан хэдэн хятад нь яачих бол гэж айцгаасан л биз. Бидний олж мэдсэнээр Айрагт өвөрмонгол жолооч нь биш “Э-Мун-Жин” компанийн захирал нь өөрөө дайрсан юм билээ. Дайрсан машины жолооны  араас  бүдүүн хятад захирал бууж ирсэн гэсэн. Одоо болохоор  бүх хэргийг жолооч нь үүрэх гэж байгаа. Тэр хятадыг Дорноговийн төв рүү аваад явсан болохоор яаж ч чадаагүй.

-Араас нь очиж болоогүй юм уу?

-Бензин тос хүрэлцэхгүй, мөнгө төгрөгийн боломжгүй болчихоод буцсан.

-Та нарын дараа очсон хөдөлгөөнийхөн тэр хавьд байдаг хятадуудыг зодож, багагүй мөнгө дээрэмдээд баригдсаныг сонссон уу?

-Сонссон. Гэхдээ тэр залуусыг бид танихгүй. Хятадуудыг зодсон гээд ял шийтгэл хүлээхээр бол бид өмөөрнө гэж ярилцаж байгаа. Хуулийнхан нь монголчуудаа хамгаалж чадахгүй байгаа юм чинь зодохоос өөр яах юм. Гэхдээ мөнгө төгрөг дээрэмдсэнийг нь өмгөөлөөгүй шүү.

-Та хятадууд ингэж даврах  ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт л тавиад  байх юм. Хятад ажилчидтай уулзаж, асууж шалгаадгийн хувьд та нар ч бас  тодорхой хариулт авдаг байлгүй дээ?

-Монгол хүний үнэ цэнэ гэж байхаа больжээ. Хятадын нэг мужид амьдраад байна гэхэд хилсдэхгүй болчихож. Хятадууд мөнгө олох гэж ирсэн л гэдэг юм. Үүний цаана том гүрний бага улсыг эзлэх гэсэн далд бодлого байгааг үгүйсгэхгүй. Уг нь Монгол гэдэг гүрэн Орос, Хятадыг чинь эзэлж явсан юм. Одоо монгол охид хятад, солонгос эрчүүдтэй дэр нэгтгэх болж. Ярьж, хэлэхээр хүний эрх гэдэг. Ер нь Монголоо Монголоор нь авч үлдэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байх шиг. Төр засаг нь хүнээ хайхрахаа больчихож. Харийнхны толгойг илж байна.

-“Даяар монгол”, “Хөх монгол”-ынхон хоёр жилийн өмнө хятадуудтай хамт явж харагдсан эмэгтэйн үсийг хусна гэж мэдэгдэж байсан.  Үсийг нь хусч “хашраасан” тохиолдол байгаа юу?

-Тэр үед бид “Улаанбаатар” зочид буудал, “Солонго” ресторан, Зайсан гээд нэлээд хэдэн газраар эргүүл хийсэн. Үс хуссан ч тохиолдол байгаа. Эмэгтэйчүүдийн хэд хэдэн байгууллагаас хүний эрх зөрчиж байна гэсэн мэдэгдэл ирсэн. Хууль ёс, эрх энэ тэр яригдаад байхаар нь больсон доо.

-Бас хятад ханзаар бичсэн хаяг, улаан дэнлүүг буулгаж, тэр газрыг нь сүйтгэнэ гэцгээж байсан?

-Хятад ханз, улаан дэнлүү харагдахгүй л байгаа биз дээ. Солонгосоор бичсэн хаягуудыг ч буулгаж байгаа.

-Охидын үс хусна, хятад эзэнтэй үйлчилгээний газрыг сүйтгэнэ гэж мэдэгдэж байсан үетэй харьцуулахад та нарын үйл ажиллагаа суларчихсан юм биш үү?

-Монгол хүнийг дээрэлхсэн хэнбугайтай ч үзнэ л гэж бодож байгаа. Ядаж газар нутагтаа эзэн байя л даа. Хаа байсан Солонгост очиж боол болж болно. Гэхдээ монгол нутагтаа монгол хүн эзэн байх эрхтэй. Бидний үйл ажиллагаа намжсан ч юм биш. Ширүүн үздэг болохоор тэр бүр ил гараад байж болохгүй юм. Нөгөө талаар Монгол дахь зарим нэг хужаа учраа мэддэг болчихож. Монголд ирээд давраад байж болохгүй юм байна гэж ойлгосон биз.

-Хятадын иргэн хүний аминд хүрчихээд байхад давраагүй гэж дүгнэж болох уу, таны хувьд?

-Би зарим нэг гэж онцолсон. Хятадуудын үйлдсэн хэрэг хэвлэл мэдээллээр гарахгүй өнгөрөх нь ч бий. Тэр бүрт бидний хүч, мөнгө төгрөг хүрэлцэхгүй юм байна шүү дээ.  

-Та нарт дийлдэхгүй байна гэж үү. Ер нь танай бүлгэм хэр олуулаа вэ?

-Гишүүдийнхээ тоог нуухгүй бол болохгүй. Ер нь жил ирэх бүр олуулаа болоод байгаа. Манай залуус бүгд зодооны урлагаар хичээллэдэг. Хэдэн  хужаа нарыг болгоод өгч чадах залуус. Гэхдээ хятадууд улам олон болоод байна. Бас хотод гэхээсээ илүү орон нутагт эзэн суух болж. Тэд хөдөөгийн эрчүүдийг архичин, эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч гэж боддог бололтой. Хятадуудаас  гадна солон­госчууд байна. Тэдний ард хүний наймаа байдаг. Бид нэг бус үйлдлийг нь илрүүлж цагдаад өгч байсан. Тэрэлжид монгол охидыг цуглуулж, порно кино хийдэг солонгосчуудын тухай мэдээлэл ч ирж байсан. Гэхдээ яг монгол хүүхэнтэй байгааг нь очоод шалгах гэхээр хүний эрх гээд хаалттай байдаг. Улайн цайм хүүхнүүдийг дээрэлхэж, гэрлэх гэрээ энэ тэр гэсэн балай юм байгуулсан нэгийг нь хашраах гэхээр “хууль зөрчлөө, би хайр сэтгэлээрээ гэрэлсэн” гэдэг. Тэд чинь эрх зүйн өндөр мэдлэгтэй байдаг юм. Уг нь монгол цусаа авч үлдэх гэж тэмцэх л юм. Гэтэл монгол охид хятадуудтай суугаад байдаг. Гэхдээ энд жендерийн харьцаа ч бас яригддаг юм билээ. Эрчүүд нь гадаад руу явчихсан. Нэг монгол залууд таван эмэгтэй оногдож байна гэсэн судалгаа байдаг гэсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийг буруутгах аргагүй ч юм шиг.

-Та нарын хувьд цагдаа шүүхийн хаалга сахих нь цөөнгүй л биз дээ?

-Хэд хэдэн удаа байцаагдаж байсан. “Даяар монгол”-ын Бямбатулга л гэхэд зоогийн газрын хятад эзэнд халдсан хэргээр гурван жилийн ял сонсоод, шоронд сууж байгаа. Болгоомжтой ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Бид хятад, солонгосчуудаас мөнгө төгрөг дээрэмдээд ч яах юм. Тэр мөнгөөр нь юугаа ч хийх билээ. Монгол гэдэг нэрийн хор болно биз. Бид хуулийн хүрээнд л ажиллахыг хичээдэг.  Харин хуульд захирагдахгүй байгаа харийнхны өөдөөс гар далайхаас өөр аргагүй байдалд орох тохиолдол олон гардаг. Тэглээ гээд цагдаагийнханд байцаагдаж л байдаг юм.

-Тэгвэл цагдаад байцаагдаж, шоронд ордог болохоор хята­дуудтай тэр бүр тэмцэж чадахгүй байна уу?

-Ер нь хэцүү шүү дээ. Байс­хийгээд л байцаагдана, шалгуулна. Хардуулна, сэрдүүлнэ. Ингэлээ гээд тэмцлээ зогсооно гэж юу байхав. Саяхан бид Монгол дахь хятадуудын эрх ашгийг хамгаалдаг “Зун Хуа” бүлгэмд тодорхой шаардлага хүргүүлсэн. Хятад ажилчдыг гадуур явуулахгүй байх, монгол хүүхэнтэй холбогдуулах  байх. Бас монголчуудыг дээрэлхэхгүй байх гэх мэт долоон зүйлтэй шаардлага хүргүүлсэн. Тэд ч шаардлагыг хүлээж авлаа гэсэн.

-Танай бүлгэмийн интернэт дэх блогт олон хүн хандсан байдаг юм билээ. Олонхи нь та нарыг дэмждэгээ илэрхийлсэн байсан. Та нараас тусламж хүсэх тохиолдол байдаг уу?

-Монголчуудын маань олонхи нь биднийг дэмждэг. Харийнханд дарлуулсан нэгэн цагдаад хандахаас илүү биднээс тусламж хүсэх нь ч бий. Ер нь гар утас байнга шахуу завгүй байдаг. Мөнгөө залилуулсан, зодуулсан, дээрэлхүүлсэн, цалингаа авч чадаагүй гээд янз бүрийн  шалтгаанаар бидэнд ханддаг. Бид ч нэг ч гэсэн монгол хүнд туслахын төлөө л байдаг.

-Та хэр болгоомжилдог вэ?

-Бид хууль сахиулах эрхгүй төрийн бус байгууллага. Мөнгө санхүүгээ ч өөрсдөө зохицуулдаг. Монголчуудаасаа хандив гуйж л ажлаа хийдэг. Одоо дансанд маань нэг ч төгрөг алга. Офиссынхоо түрээсийг төлж чадахгүй хаалгачихсан. Тэглээ гээд зүгээр суухгүй боломжоороо явж л байна. Хөдөө явж хятадуудыг шалгах гэхээр санхүү таг болчихоод байгаа. Удахгүй үндэсний үзэлтэй бүх хөдөлгөөнүүд нэгдэх гэж байгаа. Хүчирхэгжиж байгаад хяналтаа улам сайжруулна гэдгээ хэлмээр байна. Тэр үед монголчуудаасаа л тусламж гуйна, дэмжлэг хүснэ. Бас нэг бараан гэмээр юм хэлчихмээр байна. Монголчууд нэгдэхдээ тааруухан хүмүүс юм. Олонхи нь ойлгодог ч хэдэн танхай залуу дээрэм хийгээд явж байна гэж муучлах нь ч байна. Харийнхан намайг л дээрэлхэхгүй бол боллоо гэсэн аминчхан үзэлтнүүд ч байгаа. Цөөхөн монголчууд нэгийгээ өмөөрдөг баймаар юм. Монголоо хамгаалдаг нэг ч гэсэн байгууллага байлгахын төлөө зүтгэж л байна. Бид хятадуудаас айх хүмүүс биш. Харин тэд биднээс айдаг юм шүү. Янз бүрийн дарамт байдгийг нуугаад яах вэ. Намайг хэсэг хүмүүс хоёр ч удаа гэнэдүүлж зодож байсан. Сая л гэхэд Айраг яваад ирсний дараа гэрийн гадна байсан машины тормозыг эвдчихсэн. Тэрийг нь мэдэлгүй машинаа унаж яваад машинтай мөргөлдчихөөд байна. Эхнэр рүү, гэрийнхэн рүү халдах ч тохиолдол гарсан. Бас бидний нэрийг барьж дээрэм хийдэг хүмүүс нэр хүндийг маань гутаах нь байна. Манай залуус хэзээ ч дээрэм хийж жижгэрдэггүй. Харин Монголоо хамгаалахын төлөө л тэмцдэг. Биднийг хар тамхи хэрэглэдэг ч гэж ярьдаг гэсэн. Урт хар савхи, хас тэмдэгтэй болгоныг л “Хөх Монгол”, “Даяар Монгол”-ынхон гэсэн өрөөсгөл ойлголт байдаг.

-Нүүрэнд тань зодоон хийгээд удаагүй болов уу гэмээр сорви байна?

-Зодоон хийгээгүй ээ. Жолоо барьж яваад мөргөлдөөд ийм болчихлоо.

-”Охидын үс хусна” гэж мэдэгдэл хийж байсан үеэ бодоход ярьж байгаа зүйлээс чинь яалт ч үгүй болгоомжилж байгаа нь анзаарагдаад байна. Монголд хятад иргэн монгол хүний амийг  хөнөөсөн энэ үед та нарын үгийг хүлээж байгаа олон хүн байгаа байх?

-Хятадууд хүний аминд хүрсэн нь ганц биш. Хэдэн жилийн өмнө Сэлэнгэд хятадууд монгол хүнийг алсан мэдээлэл ирж л байсан. Тэд чинь мөнгө өгөөд дарчихдаг юм шиг байна лээ. Бид тэр бүрт хүрч, “хашрааж” чадахгүй юм байна шүү дээ. Уг нь бидэнд тодорхой хэмжээний эрх өгдөг бол хяналтаа улам сайжруулмаар байна. Германд л гэхэд “мулзангийнхан” гэдэг үндэсний хөдөлгөөнөө дэмждэг юм билээ. Гэтэл Монголд төрийн түшээдийг нь хүртэл харийнхан дээрэлхдэг. Туул руу хортой бодис асгаж, баахан загас хөнөөсөн Хятадын компанид хотын захирагч  асан Ц.Батбаярыг очиход оруулаагүй. Бид очиж байж оруулсан. Хууль, хяналтаа хатуу гартай нэгтгээд өгвөл харийнхан дэгд орно. Тэгж байж улс орноо авч үлдэх юм шигээ. Бидэнд дэмжлэг дутагдаж байгаа нь үнэн. Гэтэл хятад хүнтэй хамтраагүй төрийн түшээ цөөхөн байх шиг байна.

-Нэрийг нь хэлж болдоггүй юм уу?

-За яах юм бэ дээ.

-Та яагаад асуулт бүрийг “За яах вэ дээ” гэж зайлуулаад байгаа юм бэ?

– Тэгж байна уу. Бидний зарим үйлдэл далд болохоор хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Зарим үед хужааг нударчихсан байхад яахав дээ гээд өнгөрөөх цагдаа ч байдаг. Тэр бүрийг дэлгээд байх дэмий биз дээ.

-Монголд ажиллаж байгаа хятадууд үндэсний баяраа өргөн тэмдэглэдэг болсон. Та нар ч тэр үед зүгээр байдаггүй бололтой юм билээ?

-Монголд байгаа хятадуудын баярыг хэдэн удаа бусниулж байсан. Биднийг очихоор тараад зугатдаг юм. Еэвэнгийн баярыг нь л бусниулмаар санагддаг. Еэвэнгийн хэлтэрхийгээр Монголыг дарж авсан гэж баярлацгаадаг гээ биз дээ.

-Хар савхи, хас тэмдэгээр ижилссэн залуус ойрд хараг­дах­гүй байгаа. Таны хэлээд байгаагаар бол Санхүүгийн хямралд орчихоод байна уу?

-Ер нь тийм. Гэхдээ боломжоороо явж л байгаа. Би таекондогийн багш хийдэг. Олсон хэдээрээ зардал хийгээд л үзэл бодлынхоо төлөө явж байна.

-Б.Энхбат багшийгаа эргэж байгаа юу. Ямархуу байна вэ?

-Шинэ жилийн өмнө очсон. Номоо бичиж байгаа. Гайгүй дээ. Гэрийнхнийг нь ч эргэж тойрдог. Гоомарал Налайхад ажиллаж байгаа. Багшаас гадна Бямбатулга маань Амгалан дахь хориход ял эдлэж байгаа. Томоотой байсан гээд ялаас нь хассан сонсогдсон. Удахгүй магадлангаар орж суллагдах байх гэж найдаж байна.

-Танай бүлгэм Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн үеэр Н.Энхбаярыг  дэмжихээ илэр­хийлж хэвлэлийн бага хурал хийсэн. Н.Энхбаяр сонгогдвол багшид чинь уучлал үзүүлнэ гэсэн горьдлого байсан болоод дэмжив үү?

-Багш маань Н.Энхбаяртай хамтарч ажиллаж байсан. Тийм горьдлого байлгүй л яахав. Багш маань анхан болон дунд шатны шүүхээс цаазын ял сонссон. Харин Дээд шүүхээс 23 жил хоригдох ял авсан. Хүлээлт, горьдлого, гарц хайх арга зам олон шүү дээ. Гэхдээ хэнийг яаж дэмжих нь бидний эрх.

-Та 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Ирэх сонгуульд хүч үзэх үү?

-Нэр дэвшинэ. Төрийн эрх барилцаж байж л эзэн, зочны харьцааг байр байранд нь тавьж чадна. Бид 10 гаруй жил улс үндэстнээ аврах гэж тэмцлээ. Үр дүнд хүрсэнгүй гэж хэлэхгүй. Хятадууд биднээс айдаг, зугатдаг болсон. Тэд монгол хүн бүрээс айдаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд монголчууд бид эвтэй байх ёстой.

Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж