МСБХ-ны Пэпси үндэсний дээд лигийн улирал өндөрлөхөд ердөө гурван тоглолт үлдээд байна. Өнгөрөгч лхагва гаригт Спортын төв ордонд плей-оффын байрлал шийдсэн чухал тоглолтууд боллоо. Эхний тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага”, “TLG-13” багийн хооронд өрнөсөн. Тоглолтын турш “TLG” оноогоор илүү гарч байсан ч “Харцага” дөрөвдүгээр үед Түмэнжаргал, Одбаяр нарын шилдэг тоглолтын ачаар эргэн ирэлт хийж, хоёр оноо илүү болсон. Гэвч цаг дуусах мөчид Цэнгүүнбаяр алсын зайн шидэлтийг амжилттай болгосноор 68-67 харьцаатай “TLG-13” баг ялалт байгуулж, плей-оффт шалгарах боломжоо авч үлдсэн юм. Харин дараагийн тоглолт “Акулууд” болон “SBL Becks” багийн хооронд өрнөж, ШУТИС-ийн баг 79-61 харьцаатай ялалт байгуулж, энэ улирлын хоёр дахь хожлоо авлаа. Ийнхүү “Акулууд” “SBL”-ийг энэ улиралд хоёр удаа хожлоо. Харин сүүлийн тоглолт нэлээд зүйлийг тодорхой болгох байсан. “Хасын Хүлгүүд” баг “Буллс”-тэй энэ улиралд таарахдаа хоёр удаад нь хожигдоод байсан болохоор тэдний хувьд “Баянзүрх Буллс” хүндхэн учраа байсан. Тийм болохоор тактикийн тоглолт хийж, “Буллс”-т хожил өгч байрлал ахиулах нь тэдэнд ашигтай байсан гэхэд болно. Тийм ч учраас дасгалжуулагч үндсэн тоглогчоо нөөсөн. Улмаар 70:59 харьцаатай “Баянзүрх Буллс” баг ялалт байгуулж, плей-оффын эхний шатанд “Хүлгүүд”-тэй таарахгүй нь тодорхой боллоо.
Багуудын амжилт:
“Хүлгүүд” 13-4
“Баянзүрх Буллс” 12-6
“Офицер” 10-7
“Харцага” 10-7
“TLG-13” 9-8
“SBL Becks” 4-13
“Акулууд” 2-15