Ш.Лхамноржмаа: Уул шиг нөмөртэй эрчүүд маань хаачихваа гэж халагламаар санагддаг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ш.Лхамноржмаа: Уул шиг нөмөртэй эрчүүд маань хаачихваа гэж халагламаар санагддаг

…..Нүднээс минь доголон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шамбалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна.

Тэмдэглэлийн минь дэвтэрт бичээстэй байдаг энэ шүлгийн эзэн бол яруу найрагч Ч.Лхамноржмаа. Түүний шүлгүүдийг би унших дуртай.

Миний амрагийг хав хархан нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ

Омголон, бардам зан бас үл мэдэгхэн
гуниг энэ шүлгээс амтагднам. Тэр дэндүү бардам, бас тэр хэрээрээ аядуу
зөөлөн нэгэн. Монгол дээлээр гоёж, монгол эрчүүдээрээ бахархаж,
Монголынхоо төлөө цохилох зүрхтэй энэ бүсгүйн сэтгэлийн чинадад би
зочлохыг хүслээ
.

-Лхамаагийн бичсэн шүлгүүд сүүлийн үед нэлээд гүн ухааны аястай болсон юм шиг?

-Амьдрал
чинь өөрөө гүн ухаан шүү дээ. Хэлмээр байгаа юм хэлж, бичмээр байгаа
зүйлээ бичиж байж л яруу найрагчид санаа нь амардаг байх. Шүлэг гэдэг
хүний сэтгэлээс гардаг болохоор уран бүтээлд нь түүний үзэл бодол нэвт
шингэсэн байдаг юм болов уу даа. Би өөрөө гүн ухааны аястай шүлэг бичье
гэж хичээгээгүй. Ээж болоод амьдрал туулаад ирэхээр энэ бүхэн шүлэгт
маань нөлөөлдөг юм шиг байна л даа. Оюутан байхдаа их л дэврүүн шүлэг
бичдэг байж дээ.

-Ертөнцийг үзэх үзэл чинь өөрчлөгдсөн гэсэн үг үү?

-Магадгүй
л юм. Би амьдралдаа ”Өөртөө байхгүй сэтгэлээ хүнээс битгий горьдоорой”
гэсэн теором баримталдаг. Өөрөө өөртөө бас уран бүтээлдээ эрэл хийж,
сэрэл мэдрэмж, сэтгэл зүрхээ гээчихгүй л явахыг хичээж байна даа. Тийм
ч учраас үзэл бодолдоо үнэнч, яруу найрагтаа үнэнч явахыг хүсдэг. Хүн
ер нь тайван, амгалан амьдрах хэрэгтэй юм билээ. Ууртай хүний царайнаас
гоо сайхан үзэгдэхгүй шүү дээ. Амгалан тайван хүн бүтээлч бас аз
жаргалтай байж чаддаг. Аз жаргал гэдэг хүний сайхан амьдрах, сайн явах
орчин юм уудаа. Б.Галсансүхийн нэг шүлэг байдаг шүү дээ. “Сэтгэл гэдэг
эрхтэн” гээд л. Сэтгэл гэдэг эрхтэн юм бол их сунамтгай эрхтэн байх.
Хорвоо дэлхий тэр чигээрээ багтдаг. Бас энэ эрхтэн агшихаараа зүү орох
ч зайгүй агшчихдаг юм шиг.

-Сүүлийн
үед яруу найрагчид захиалгын бүтээл нэлээд туурвих болж. Лхамноржмаа
энэ жишгээс хэр хол байна. Эсвэл бусдын жишгийг дагаж байна уу?

-Захиалгын
ганц хоёр дуу хийсэн. Гэхдээ ямар нэгэн албан байгууллагын захиалгаар
бичээгүй. Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёрын “Би чамд хайртай”
дууны үгийг бичсэн юм. Тэд эхлээд хөгжмийн зохиолч Эрдэнэбатад санал
тавьсан юм билээ. Тэгээд л дууныхаа үгийг надаар бичүүлсэн хэрэг.
Б.Явуухулан гуайн “Би чамд хайртай” дуу байдаг шүү дээ. Бас “Би чамд
хайртай” киноны дуу байна. Олонд хүрсэн тийм сайхан дуунууд байхад гээд
л би үгийг нь бичихээсээ жаахан бэргэшээгээд л. Санасныг бодоход олонд
хүрсэн дуу болсон. Аялгуу нь ч сайхан, дуулсан дуучид нь хүмүүсийн
сэтгэлд хүртэл дуулж чадсан гэж бодож байна.

-Сүүлийн үед жаахан махлаа юу даа. Жингээ хасах ч юм уу эсвэл барих гэж гимнастик энэ тэрээр хичээллэж байна уу?

-Өө,
ёстой үгүй. Би ер нь их “мангардуу” хүн юм шиг ээ. Хүмүүс нэг хэсэг
намайг хараад “Сайн уу” гэж мэндлэхээсээ илүү “Хөөх ямар их таргалаа
вэ” гэдэг байсан. Тэглээ гээд сэтгэлээр унаад турах юмсан гэж элдэв
зүйл хэрэглээгүй. Зарим нь эм тан уудаг л гэсэн. Гимнастик энэ тэрээр
хичээллээд л хоол ундаа сойдог л гэсэн. Би л лав хоол ундаа сойж
чадахгүй юм билээ. Өөрийнхөөрөө, байгаагаараа л байх сайхан шүү дээ.

-Алдар нэрийг атаа жөтөө байнга дагалддаг гэдэг. “Болор цом”-ын эзэн болоод янз бүрийн хэл аманд хэр өртөж байна?

-Мэдэхгүй
л дээ. Зарим нэг нь ярьдаг л байлгүй. Хүн намайг мууллаа гээд би муухай
хараад байдаггүй, сайллаа гээд хөөрөөд явдаггүй л дээ. Цохиод авсан ч
барагтай бол чимээгүй өнгөрөөчихнө шүү. Тийм болохоор намайг хүмүүс
“оролдох” сонирхолгүй байдаг байх. Алдар нэр гэдэг өргөмжлөл төдий зүйл
биш. Асар их хариуцлага дагалддаг юм билээ. Ш.Лхамноржмаа гэдэг хувь
хүний үүднээс намайг шоглож, энэ тэрээр дуудах юм бол тоохгүй л дээ.
Харин яруу найрагчийн үүднээс янз бүрийн юм яривал мэдээж дуртай
байхгүй нь лав. Хувь хүн гэдгээсээ илүү яруу найрагч гэдэг нэрийг
сэвтүүлэхгүй аваад явчих юмсан гэж хичээж л явна.

-"Болор цом” авах үедээ хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Ээжийнхээ нэг ч гэсэн хүслийг биелүүллээ дээ л гэж бодсон. Уралдаан тэмцээн болохоор л надаас илүү ээж маань догдолчихдог юм.

-Яруу найрагч бүсгүйчүүд их омголон бас бардам байдаг гэдэг шүү дээ?

-Тийм шүү, дуугүй бэртэгчин хүмүүс
л лав биш. Хэлэх гэснээ хэнээс ч айлгүй зоримог хэлчихдэг. Ер нь би
найз нөхөд цөөхөнтэй. Яруу найргийн гал тогоонд чанагдаж яваа хэд маань
л байна. Хүний нөхөрлөл гэдэг тэгээд ч нас зүс ялгадаггүй шүү дээ.
Насны зөрүүтэй найз нөхөд зөндөө л байдаг. Яруу найрагч Ш.Дулмаа миний
багш маань, бас амьдралд дээр найз маань байж чаддаг даа.

-Амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чадаж байна уу?

-Яагаад
үгүй гэж. Би аз жаргалтай байгаа. “Чиний амьдралд юу хэрэгтэй байсныг
одоо л ойлгож байна” хэмээн найз нөхөд маань надад хэлдэг болсон. Албан
тушаал, үнэтэй машин, олон давхар харш надад хэрэггүй. Эмэгтэй хүний
хувьд эр хүний нөмөр нөөлөг, орон зай хэрэгтэй байсан байх. Тэр тусмаа
надад хайртай, үнэнч эр хүн. Би өнөөдөр тэр хүнээ олсон. Аз жаргалтай
амьдарч байна гэж сэтгэл дүүрэн хэлж чадна.

-Яруу найрагчид их дурламтгай гэдэг шүү дээ?

-Ерөөсөө
яруу найрагчид гэж онцлох хэрэггүй байх. Хүн амьд явна гэдэг
хайрлуулах, хайрлахын нэр шүү дээ. Би хайраар дутаагүй ээ. Өгөхийгөө
өгч, авахыгаа авч л явлаа.

-Эмэгтэй хүнийхээ хувьд хэнээс үлгэр дууриал авах дуртай вэ?

-Шагдарын
Дулмаа багшаасаа. Тэр хүний гэрт оюутан байхдаа би хоёр жил амьдарсан
юм. Эмэгтэй хүн биеэ хэрхэн зөв авч явах, зөв сайхан хувцаслах урлагийг
би тэр хүнээс суралцсан гэж боддог. Нөхөр нь Ганболд гэж нэг сайхан хүн
байсан. Эмэгтэй хүн мөр тэгш, гэдсээ татаж явбал сайхан харагддаг юм
гээд л зөвлөдөг байсан даа, хөөрхий. Нөгөөтэйгүүр би аравдугаар ангиа
төгсөөд СУИС-д орсон юм. СУИС-ын кино драмын ангид сураад жил болоогүй
сургуулиа орхисон. Барахгүй гэдгээ мэдээд л тэр. Гэхдээ СУИС-д хэдхэн
сар суусан ч гэсэн би тэнднээс нэлээд олон зүйлийг суралцсан гэж боддог
шүү. Жүжиглэх урлагийн хичээл орохоор би юм л бол ямаа сааж байгаа
эмэгтэйн дүрийг бүтээдэг байсан юм. Жүжигчин Булган-Эрдэнэ манай анги.
Тэр болохоор унага татаж буй залуугийн дүрийг бүтээнэ. Одоо бид хоёр
тааралдахаараа тэрнийгээ ярьж баахан инээлддэг юм.

-Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ… гээд л.
Шүлгэнүүдээс чинь харахад Лхамаа нэлээд үндсэрхэг, өмчирхөг үзэлтэй санагдсан шүү?


Эх орноо бас элгэн түмнээ өмчирхөхгүй гээд яалтай. Би монгол бүсгүй.
Миний эцгийн монгол цус миний судсанд лугшиж байгаа шүү дээ. Монгол
орноороо, монгол эрчүүдээрээ бахархах дуртайгаа нуухгүй ээ. Монгол
гэрийн хоймор бүтэн, монгол эмэгтэйн сэтгэл дүүрэн байгаасай гэж
хүсдэг. Хараад байх нь бүсгүй сэтгэлийн хойморийг дүүргэх эрчүүд их
ховордоод байна уу гэлтэй. Монгол охид харийн хүнтэй гэрлэх болсон нь
монгол эрчүүдийн бас, тэр охидын буруу байх л даа . Энэ зөвхөн миний л
бодол шүү. Магадгүй хэн нэгэн нь энэ Лхамноржмаа юу билээ гэж бодож
болох л юм.

Сэтгэл цагаан эх орон чинь

Сүү тавьсан амраг чинь билээ гэж би
2006 оны “Болорцом” наадамд уншиж байсан юм. Хүүхнүүд маань амьдралыг
нуруун дээрээ үүрээд л. Уул шиг нөмөртэй эрчүүд маань хаачихваа гэж
халагламаар, харуусмаар санагддаг шүү. Хүүхнүүд маань зовлонгоо дотроо
нууж, жаргалаа ил гаргахыг оролддог болсон юм шиг.

-Үндсэрхэг үзэлтэй болоод л юм л бол монгол дээлээр гоёдог байх нь л дээ?


Тийм юм болов уу /инээв/. Монгол дээл надад их гоё зохидог юм. Хөдөөний
охид хар багаасаа л монгол дээлээр гоёдог байсан шүү дээ. Тэгээд ч би
айлын том охин. Аавыгаа орлож, ээждээ түшиг тулгуур нь болж дүү нараа
өсгөх үүрэгтэй хүн. Дураараа , зоргоороо өссөн ч гэлээ элбэг хангалуун
амьдралтай айлын эрх танхил охид шиг хүссэн зүйлээ худалдаж авч
чаддаггүй байлаа, оюутан байхдаа. Тиймээс л монгол дээлээ өөрөө оёод л
түүгээрээ гоёдог байсан даа. Тэгээд ч монгол дээл эмэгтэй хүнийг их
цэгцтэй харагдуулдаг. Би хэн нэгэнд биш өөртөө тоогдохыг хүссэн үедээ
монгол дээлээ өмсдөг. Алхаа хүртэл тэгшрээд лд их гоё санагддаг шүү.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд монгол дээлний загварыг патенжжуулах
хэрэгтэй юм шиг санагддаг. Сүүлийн үед манж нь ч, хятад нь ч монгол нь
ч мэдэгдэхгүй дээл их өмсдөг болжээ.

-Одоо ч гэсэн дээлээ өөрөө оёж өмсдөг үү?

-Үгүй дээ, Хөх зүү хөндлөн барилгүй удсан байна.

-Эмэгтэй хүн л юм хойно дэлгүүр их хэснэ биз?

-Энэ тал дээр би бараг эрэгтэй хүн шиг. Дэлгүүр, хоршоогоор явдаггүй ээ. Залхуу хүрээд байдаг юм.

-Зарим эмэгтэйчүүд бухимдахаараа дэлгүүр хэсч тайтгардаг гэдэг юм билээ. Харин өөрөө бухимдахаараа яадаг вэ?

-Юм
угаана. Хөлсөө гартал юм угаахаар сэтгэл тайвширчихдаг юм. Эсвэл
найзуудтайгаа дарсны бөглөө мултлаад л буу халахаар сэтгэл аяндаа л
онгойчихдог.

-Бусдыг хэр уучилж сурч байна?

-Хүнийг
уучилна гэдэг том соёл. Нэг ёсондоо сэтгэлийн боловсрол юм уу даа. Ууч
сэтгэлийг хүн багаасаа олж авах ёстой юм билээ. Хүүгээ тийм сэтгэлтэй
хүн болгохыг хичээж явна даа. Ингээд ярихаар найзууд маань намайг
хөгширч байна даа гэж тохуурхдаг юм. Цагаа болохоор хүн бусдыг байтугай
үхлийг хүртэл уучилдаг гэдэг шүү дээ. Бусдыг уучлахынхаа хэрээр өөрөө
амар амгалан амьдардаг юм болов уу.

– Жил сарууд өнгөрч, нас чинь өдөр өдрөөр урсаад л. Харамсмаар санагдаг уу?

-Би
их шүтлэгтэй хүн л дээ. Хөгширнө гэдэг чинь жам ёсны зүйл шүү дээ.
Байгалийн үзэгдэл. Хүний нас зүс нь хөгширч болно харин сэтгэл нь
залуухан явах хэрэгтэй. Яруу найрагчид сэтгэлээрээ мөнхийн залуу явдаг
юм. Миний хувьд насны үрчлээ суулаа гээд татуулаад, хагалуулаад хамар
амаа янзлуулахгүй л гэж боддог. Харин ч ухааны, амьдралын үрчлээ
зохисон хүндээ гоё харагддаг шүү дээ.

-Сүм хийдээр их явдаг уу?

-Миний
ар талыг дүү маань даачихдаг юм. Яахав, сэтгэл үймэрсэн үедээ бодлоо
цэгцлэхийн тулд Зайсан дээр гараад хотыг харчихаар арай л өөр болчихсон
юм шиг санагддаг. Заримдаа уул овоо, унасан, өссөн нутгаа сэтгэлдээ
бодоод цайныхаа дээжийг өргөчихнө. Нутаг амьтай, уул ус үг сонсдог,
хүнээ санадаг гэдэгт би итгэдэг. Бид ядарч зүдрэхээрээ уул усандаа
ханддаг хэрнээ эргүүлээд юу ч өгч чаддаггүй. Сайхан дуу дуулахад уул ус
баярлаж, сайхан магтаал сонсоод уул овоо инээдэг гэдэг юм билээ.
Сүүлийн үед нутаг усандаа зориулж шүлэг бичлүү яалаа гэж бодогдох
болсон шүү.

-Таны мөнгөний талаарх үнэлэмжийг сонирхож болох уу?

-Өнөөдөр
мөнгөний үнэлэмж маш чухал болсон нь ажиглагддаг л даа. Нуугаад яахав,
үр хүүхдээ өсгөх, боловсрол эзэмшүүлэх, эрүүл явах гээд амьдрал яг
үнэндээ мөнгөн дээр тогтоод байна шүү дээ. Миний хувьд хүүгийнхээ төлөө
илүү ихийг хийх ёстой, хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгоод байгаа.

-Эрх мэдэлд хэр шунаж чадах вэ?

-Яруу
найрагчид хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс байдаг юм шүү дээ. Нартай
өдрийг сартай болгож, цэнхэр тэнгэрийг ногоон болгох эрх яруу
найрагчдад л байдаг юм. Харин азийн сугалаа шиг эрх мэдэл бол өөр.
Үүнийг мөнх юм шиг санаж болохгүй байх.

-Лхамаа хөгжим байсан бол ямар хөгжим байх бол?

-Гонжийчихоод шанз л байх байсан болов уу.

-Дотроосоо тийм гэхийн аргагүй хүрээ маягийн ая эгшиглүүлсэн үү?

-Сайн эзэнтэй учирсан, сайхан ая эгшиглүүлчихдэг шанз байх байсан байх.

-Ингэхэд хэр дуучин бэ. Дуулна л биз дээ?

-Дуулдаггүй,
уйлдаггүй хүн гэж хаа байлаа. Дуулна аа. Ардын дууг дуулах дуртай.
Ардын дууны ая нь аргадаж үг нь зэмлэдэг гэдэг биз дээ. Ер нь бол ардын
дууны үг аяыг сайн мэднэ шүү. Ялангуяа үгийг нь. Хааяа найзуудтайгаа
зөв, буруу хоолойгоор ардын дуу аялах сайхан байдаг юм.

Ж.НЯМСҮРЭН /2008 оны 4 сарын 9/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж