Чингэлтэй дүүргийн VII хорооны Ахмадын зөвлөлийн дарга Ч.Санжаа:
-“Бухын хүзүү бүдүүн боловч бугуйлан дор, Хүний хүзүү бүдүүн боловч хууль дор” гэдэг үг байдаг даа. Н.Энхбаяр бол Монгол Улсын хөрөнгийг идэж дууссан хүн. Ерөнхийлөгч байх үедээ Оюутолгой, Тавантолгойн замыг аль хэдийнэ заагаад өгчихсөн. Тэгээд өөрийн намтай тэрсэлж, тусдаа салсан хүн. Хэрэг хийгээд байцаалт өгөлгүй, хууль биелүүлэхгүй байгаа хүн чинь цагдаагийн байгууллагыг баривчлах үед зугтаж ч магадгүй. Хуульд сэжигтэн этгээд зугтах гэж оролдвол амин бус газар нь буудаж болно гэж заасан байдаг. Яагаад экс-ерөнхийлөгчийг баривчлахад буу хэрэглэж болохгүй гэж.
Иргэн Б.Оюунаа:
-Өнгөрсөн шөнийн бүх үйл явцыг телевизээр үзсэн. Н.Энхбаярыг баривчилсан нь өөрсдийнх нь буюу МАХН-ын ээлжит шоу гэж бодож байна. Угаасаа ойлгомжтой. Өчигдөр долдугаар сарын 1-тэй холбогдуулан баримт дэлгэсэн нь нэр хүндээ өсгөж, бусдын анхаарлыг өөртөө хандуулж байгаа нь тодорхой байсан шүү дээ. Хэрэв үнэхээр л тийм чухал баримт байсан юм бол ардын хүүхдүүд баривчлагдаад хоригдоод байхад юу гэж баримтаа дараад, нуугаад байсан юм. Зэвсэг хэрэглэсэн нь зөв. Тэгэхгүй бол тэр хүн төрийн тусгай хамгаалалтад байдаг юм чинь цагдаагийн ажилтнуудыг огт тоохгүй шүү дээ.
Кино үйлдвэрийн автобусны буудлын хажууд самар зарж буй иргэн М.Болороо:
-Яг л С.Зоригийг хөнөөсөнтэй адил зүйл болох дөхлөө. Би бол буруу гэж бодож байна. Үнэний төлөө явж байгаа хүнийг барьж хорьдог нь томчуудын ганц чаддаг зүйл.
Өдөр МАХН талбайд жагсана гэсэн. Би завтай бол очиж дэмжинэ гэж бодож байна.
БЗД-ийн V хороонд байрлах “Монгол зоог” рестораны эзэн н.Ганболд:
-Огт буруугүй хүнийг АТГ яасан ч баривчлахгүй. Тэр хүн чинь хамаг будлианы эзэн шүү дээ. АТГ-аас дуудаад байхад очихгүй байна гэдэг чинь бүхнийг илтгэж байгаа юм байна гэж бодсон. Гэхдээ буу, шийдэм хэрэглэж байгаа нь буруу. Өчигдөр анх сонсоод долдугаар сарын 1-ний хэрэг дахин давтагдах нь уу гэж айсан. Тэр өдөр бидэнд их айдас үлдээсэн. Бүү давтагдаасай.
Хувиараа барилгын бизнес эрхэлдэг иргэн Д.Мөнхзул:
-Барьж хорих байсан бол баримт дэлгэхийн өмнө нь яагаад барьж болоогүй юм. Нөгөө булхайг нь дэлгэх гэхээр айгаад л барьчихаж байгаа юм. Би бол МАХН-ын гишүүн. Одоо 14.00 цагаас талбай дээр эсэргүүцлийн жагсаал болно гэж сонслоо. Би очиж, дэмжихээр явж байна. Яагаад өдрийн цагаар, хэл амаараа учраа олоод барьж болоогүй юм. Заавал харанхуй шөнөөр, буудах шахаж, айлган сүрдүүлснийг иргэн хүний хувьд эсэргүүцэж байна.