Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Хэргийн эзэн”

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ. Цагтаа Монголд тэргүүлдэг том банкийг удирдаж, улс төр, бизнесийн хүрээнийхэн дунд нэр хүндтэй явсан “Зоос”-ын захирал хатагтайд нааштай хандах хүн үлдсэнгүй бололтой. Түүний хэргийг уг нь өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн шүүх дээр хэлэлцсэн билээ. Тухайн үед түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-д зааснаар бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож, зургаан жил хорих ял оноосон. Мөн 600 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон юм. Гэвч Ш.Чуданжий хатагтай насанд хүрээгүй хүүхэдтэй гэх шалтгаанаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, 2009 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамрагдсан юм. Харин 600 сая төгрөгийн төлбөр хэвээр үлдсэн билээ. Ш.Чуданжий Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учир дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан боловч хэргийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсангүй. Нийслэлийн шүүх өчигдөр энэ хэргийг хэлэлцэж, Ш.Чуданжийгийн 1.6 тэрбум төгрөгийн хэргийг тусгаарлаж, Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэв. Түүнийг буруутгаж байгаа гол үндэслэл нь 17 удаагийн үйлдлээр 1.6 тэрбум төгрөгийг кассаас авч, хувьдаа завшсан гэх. Ш.Чуданжий өөрөө энэ тухай “Тэрхүү мөнгийг хүмүүст зээлдүүлсэн” гэх агуулгатай тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Зоос” банк дампуурахад гол нөлөө үзүүлсэн Олон овоотын алтны ордын төслийн талаар, бүр нарийн яривал зээл авчихаад эргүүлж төлж чадаагүй “Монгол газар” компанийн тухай муу үг бараг л унагаагүй. Уг нь мөнгө зээлүүлсэн банкны захирал биш, харин зээлийн хөрөнгийг завшсан харилцагч нь хэрэгт татагдахаар юм шиг. Гэвч тийм зүйл болсонгүй. Бүх хэргийг нуруундаа үрсэн хатагтай Ш.Чуданжий шүүхийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй хэвээр үлдэв.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж