-Нэрээ татах болсон шалтгаанаас тань яриагаа эхэлье?
-Үнэнийг хэлэхэд манай намаас нэр дэвшиж байгаа Митт Ромни бол сайн улстөрч. Америкчууд түүнд итгэл хүлээлгэж байгааг та ч анзаарсан байх. Миний охин Изабеллагийн бие тааруу байгаа. Тиймээс намайг нэрээ татах шийдвэр гаргахад хүргэсэн болов уу. Товчхондоо, би нэрээ татсандаа харамсахгүй байна.
Таныг дэмжигч нэгэн хүн дараагийн удаа нэр дэвших эсэх талаар асууж байсан?
-Нөхцөл байдал яаж ч эргэж мэдэхээр байна. Одоогийн байдлаар надад
хэцүү байгаа гэдгийг ойлгоорой. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжиж
байсан хүмүүст бүгдэд нь талархаж байна. Гэр бүлийн асуудал хүндээр
туслаа. Дараагийн удаа нэр дэвших эсэх талаар одоо ярих нь тохиромжгүй.
Ирээдүйг битгий онцгойл.
-Таныг хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ удаа дараалсан мужийн сунгааны ялагдал ийм шийдвэр гаргахад хүргэлээ гэж зарим улс төр судлаач дүгнэж байна. Та энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлээч?
-Тийм ээ, би намынхаа улстөрчтэй сайн өрсөлдсөн гэж бодож байгаа. Ганц, хоёр мужид ялагдал хүлээсэн нь үнэн. Гэхдээ зарим мужид ялалт байгуулж ч байсан. Митт бол сайн улстөрч. Би түүнийг дэмжиж байна, бас Ерөнхийлөгч болно гэдэгт итгэж байна.
-Нэрээ татах болсон шийдвэр таных бус танай намын шийдвэр байсан гэсэн цуу яриа гадуур тархсан нь хачирхалтай санагдаж байна?
-Би танд бодит байдлыг тайлбарласан. Нэг намаас нэр дэвшиж, сунгаа эхэлснээс хойш би санал асуулгаар байнга Миттийн ард бичигдэж байсан. Миний хувьд 11 мужийн ялалт амаргүй байсан. Цаашид ялалт байгуулах боломжтой байсан нь үнэн. Гэвч нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцахгүй.
-Митт Ромнитой өрсөлдөх Ньют Гингрич, Рон Пол нар Ерөнхийлөгч болох боломжтой гэж үзэж байна уу?
-Бүх нийтийн санал асуулгаар энэ хоёр нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төдий гэж дүгнэсэн байсан. Түүнээс биш Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхүйц гэж тайлбарлаагүй. Миний юу гэж хэлэх гээд байгааг ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Та энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшснээр олон хүний итгэлийг хүлээж чадсан. Магадгүй таныг Ерөнхийлөгч болсноор энэ их зэвсэг, дайн дажинг нэг тийш цэгцлэх байх гэсэн найдвар төрж байсан болов уу?
-Би дайн дажинг зогсоох, энх тайванг хүсэж байгаа эрийн дүрийг бүтээж буй нэгэн биш. Манай улсын хувьд стратегийн бодлого буруу гэдгийг ойлгуулах гэсэн юм. Бидний ирээдүй болсон хүүхдүүд эцэг, эхгүй өсөж, заналхийлсэн, харанхуй, бүдүүлэг нийгэмд амьдраасай гэж хүсээгүй учир дайныг цэгцлэх, энх тайвныг хадгалахыг хүссэн юм. Би Митт Ромнигийн адил Б.Обамагийн Засгийн газрыг шүүмжлэгчдийн нэг гэж ойлгож болно. Нөхцөл үнэхээр байдал хүндэрсээр л байна. Цэнхэр гарагийн булан тохой бүрт алаан хядаан болж байна. Энэ бүгдийн дунд өссөн хүүхэд том болоод ямар хүн болох нь ойлгомжтой. Би хувьдаа ийм ирээдүйг тэдэнд үлдээмээргүй байна.
-Надад таны гэр бүлийн сайхан харилцаа холбооны илтгэл маш их таалагдсан?
-Танд таалагдсанд би баяртай байна. Илтгэлийн товч агуулгыг ойлгоход тун энгийн. Эдийн засгийн чадамжтай гэр бүлд асуудал гэж үгүй. Өнөөдөр америк гэр бүлийн дийлэнх нь ямар нэг байдлаар өртэй байдаг. Цаад утгаараа энэ нь манай улсын эдийн засагтай шууд холбоотой юм. Би сонгуульд нэрээ дэвшүүлэхээсээ өмнө олон судалгаа явуулсан. Үүнээс онцлох асуудлын нэг нь гэр бүлийн эдийн засгийн чадамж сайхан харилцаа сайхан амьдралын эхлэл гэдгийг баталсан. Иймэрхүү төрлийн судалгаа олон л байдаг. Гэхдээ үүнээс гарах аргачлал нь төдийлөн амьдралд биелэлээ олоод байдаггүй гэлтэй. Энэ бол наад захын жишээ. Эцэг нь ажилдаа явж, санхүүгийн гол ноён нуруу болж амьдрал ахуйгаа сайжруулан, гэр бүлийн сайхан харилцаатай байх явдал юм. Нөгөө талаасаа гэрийн эзэгтэй ч түүнээс дутахгүй ажил хийж, хөдөлмөр эрхлэх хэрэгтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан. Өнөөдөр манай улсын нийт хүн амын багагүй хувь нь, тэр дундаа эмэгтэйчүүд ажил хийдэггүй, ямар нэг бизнес эрхэлдэг аж. Чөлөөт зах зээлийн том орон зайд, тэр дундаа Америкт бизнесийн эрсдэл маш их бий. Үүнийг хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд ойлгодоггүй. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь өнгөрсөн 10 жилийн дайнтай шууд холбоотой.
-Хүчтэй өрсөлдөөнд орж өөрийгөө сорьсонд талархаж байна. Тань шиг үзэл бодолтой, шударга хүн Америкт олон гэдэгт итгэлтэй байна.
"Улс төрийн тойм" сонин