Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланг гайгүй сайн дуучин гэдгийг хүмүүс мэднэ дээ. Гэхдээ дуучин залуу маань сүүлийн үед улстөрч болоод байгаа. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэрээ сойж өвдөг шороодсоноосоо хойш нэг хэсэг нам гүм байснаа саяхнаас өөрийн зөвлөх “Донж” төвийн тэргүүн Төгөлдөртэй хамтран хэвлэлийн хурал хийгээд авсан. Тэрбээр энэ үеэр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Үүний дараахан Увс аймгийн иргэд нутагт нь ашигт малтмалын олборлолт, хайгуул хийж байгаа “CGBEM” ХХК-ийн талаар гомдол мэдүүлж хэвлэлийн хурал зарлаж, суулт хийж эхэлсэн. Самбаатай С.Жавхлан тэр дор нь уг сэдвийг өлгөж аваад Увс аймгийн Бөхмөрөн суманд очиж суулт зарлав. Гэхдээ С.Жавхлангийн эсэргүүцлийн суулт их энгийн болсон бөгөөд хугацааний хувьд 24 цаг үргэлжилсэн юм. Монгол Улсад болж байсан эсэргүүцлийн аливаа жагсаал үргэлжлэх хугацааны хувьд их сунжирдаг байсан. Харин С.Жавхлан энэ суултаараа сунжирсан жагсаалын буухиаг таслав. Бас нэг зүйл байна. Үнэхээр С.Жавхлан нутаг орондоо хайртай бол яагаад 24-хөн цаг суулт хийв гэдэг асуудал гарч ирнэ. Төрлөх нутгаа хайрлах хайр нь 24 цагаар хэмжигдлээ гэж үү. Эсвэл нутагтаа хайртай хүн болж шоудаж байгаа юм болов уу. Нутгийнханд нь С.Жавхлангийн дэмжлэг чухал байх нь мэдээж. Ядаж л асуудлыг шийдэгдтэл нутгийнхантайгаа хамт байсан бол С.Жавхлангийн нэр хүнд нэлээд өсөх л байсан даа. Гэтэл 24 цагийн хугацаатай суулт зарласан болоод болчихоор хүмүүс түүнийг юу гэх бол. Тэрбээр “Увс аймгийн Бөхмөрөн сум бол миний тоглож өссөн нутаг. Шороон дээр нь тоглож өссөн газар нутгийг минь харийнхан ухаж сэндийчиж дуусч байна. Тиймээс энэ асуудлыг цэглэхээр нутагтаа ирээд байна” гэж хэлж байсан ч түүнд асуудлыг шийдэх ямар боломж байгаа нь тун сонин. С.Жавхланд нэг бодол байгаа л байх. Гэхдээ ард түмэн бодитой ажил хийх хүнийг л дэмжинэ үү гэхээс 24 цаг шоудсан нөхрийг дэмжихгүй нь тодорхой.
Б.ЭНХМӨНХ
"Улс төрийн тойм" сонин