Тус үзэсгэлэнг зохион байгуулагчаар ажиллаж байгаа ЗТБХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Үзэсгэлэнд хэчнээн барилгын компани оролцож байна вэ. Үзэсгэлэнд хамрагдаж байгаа компаниудын метр.квадратын үнэ өндөр хэвээрээ байна. Энэ талаар ярихгүй юу?
-Энэхүү үзэсгэлэн иргэдэд бодит мэдээлэл өгөх зорилготой. Түүнээс биш Монголын хамгийн хямд барилгын компаниудын үзэсгэлэнг гаргаагүй. Барилгын үнэ ханшийг өрсөлдөөний зарчмаар багасгана. Тэгэхдээ Засгийн газраас өнөөдөр орон сууцны бодит үнэ ямар байна вэ гэдгийг индексийн хуулийн дагуу боловсруулан гаргасан. Чанартай материалаар хийсэн орон сууцны нэг метр.квадратын үнэ 1193000 төгрөг байна гэж боловсруулан гаргасан юм. Үзэсгэлэнгээрээ бид иргэдэд юу хэлэх гээд байна гэвэл барилгын компаниудын үнэ ханш ийм байгаа шүү гэдгийг харуулах гээд байгаа нь энэ. Метр.квадратын үнэ 1193000 төгрөгөөс дээш байвал үнийн хөөрөгдөлтэй байна гэж ойлголж болно. Орон сууцны үнэ, барилгын материалын чанараас хамаарч байх ёстой. Муу материалаар хийсэн барилгын үнэ 1500000 төгрөг байж үнэхээр болохгүй. Харин сайн чанарын материалаар барьсан барилгын нэг метр.квадратын үнийг 1200000 төгрөг болго гээд байвал бас утгагүй болно. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй компанийн 125 мянган айлын орон сууц бүртгүүлснээс 80 гаруй компани нь энэхүү үзэсгэлэнд оролцож байна.
Барилгын талбайн үнэ ханшийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржоос тодруулсан юм.
-Орон сууцны нэг метр.квадратын үнэ хэд байх боломжтой вэ?
-Барилгын үнийн боломжтой байх ханшийг маргааш /өнөөдөр/ болох Барилгачдын зөвлөлгөөний үер зарлана. Ерөнхийдөө миний тушаал шийдвэрээр гарсан үнэлгээ бол 1193000 төгрөг. Энэ бол тухайн компанийн ашиг нэмэгдсэн, хүүгийн зардал шингэсэн үнэ юм.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас метр.квадратын үнийг 960 орчим мянган төгрөг болох боломжтой гэж байсан. Цаашдаа энэ үнэтэй хэр уядуулах вэ?
-Барилгын бүтэц хийцээс хамаарч үнэ өөр, өөр гарч ирэх учраас өндөр нарийвчлалтай судалж үзсэний эцэст дунджаар 1193000 төгрөгийг гаргаж ирсэн.
-Яамнаас тогтоол гаргахаас өмнө барилгын компаниудтай өндөр үнээр гэрээ байгуулсан иргэд одоогийн гаргачихаад байгаа ханш руу буулгаж болох болов уу?
-Тэрийг зохицуулах механизм нь чухам ямар байхыг одоогоор хэлэх бололцоо алга байна.
“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэнг сонирхохоор ирсэн иргэдийн санаа бодлыг сонссон юм.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ц.Жанлав “Энэ үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын үнэ маш өндөр байна. Барьсан барилгын материалын үнийг бодвол хол хөөрөгдсөн байна. Ард иргэдэд өгөх гээд байгаа орон сууцны зээлийн нэр нь сайхан ч худалдаж авахад үнэхээр хэцүү юм. Орон сууцны хүү нь бага ч үнэ ханш тэнгэрт тулсан байна. Ийм үнэтэй байрыг би байтугай гэр бүлээрээ цуглуулаад энэ насандаа байр авч чадахгүй юм шиг байна” гэв.
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Д.Наран “Өмнө нь сонсож байхад орон сууцны үнэ 900000-1100000 төгрөгийн хооронд байгаа гээд байсан. Тэгсэн чинь шал худлаа байна. Дийлэнх нь 1400000 төгрөг байна. Орон сууцны зургаан хувийн зээлд хамрагдах санаатай байраа сонгох гээд явж байна” гэсэн юм.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжүүлэгч, оролцогч талуудын нэгдсэн мэдээллийн санг байгуулах, байнгын ажиллагаатай нэг цэгийн үйлчилгээтэй мэдээлэл сурталчилгааны төв байгуулахад оршиж буй аж. Үзэсгэлэнгийн үер 70 гаруй орон сууцны барилгын компани, материал ханган нийлүүлэгч байгууллагуудын мэдээллийг тавьсан юм байна.
"Улс төрийн тойм" сонин