-Н.Энхбаяр даргаас гадна гурав, дөрвөн хүнийг баривчилсан гэх. Энэ нь ямар учиртай юм бол?
-Баривчилгаа болж өнгөрсний дараа манай гурван гишүүн Н.Энхбаяр даргын аавынх нь гэрт үлдсэн юм. Бидний зүгээс цагдаа нарыг явтал Н.Энхбаяр даргын гэр орныхныг харж бай, дэргэд нь хань болоод байж бай гээд үлдээсэн чинь, тэднийг маань баривчилсан байсан. Сая тэгэхдээ Захиргааны хариуцлага хүлээлгээд сулласан гэдэг мэдээллийг авлаа. Өнгөрсөн шөнө болон үүрээр болсон үйл явдал нь маш том хэлмэгдүүлэлт, дарангуйлал фашист дэглэм гэдэгтэй санал нэгдэж байна. Үнэхээр олигархи дэглэм гэдэг фашист дэглэм. Энэ дэглэм монгол хүний эрх ашгийн эсрэг дэглэм, Монгол Улсын газар нутгийг зарж борлуулах дэглэм, монгол хүнийг боолчлох колончлох дэглэм. Тийм учраас энэ дэглэмжийг нураахын төлөө монголчууд нэгдэх цаг болсон байна. Нас хүйс, нам эвсэл, холбоодоороо ялгарч суух цаг биш байна. Өнөөдрөөс Сүхбаатарын талбайдаа 21 аймгаас цуглаад энэ олигархжсан, авлигачдын төрийг нурааж ард түмнийхээ төрийг байгуулъя гэж уриалж байна.
-Өчигдөр Н.Энхбаяр дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдох 300 гаруй хуудас материалыг дэлгэсэн. Үүнээс болж өөрт нь эрсдэл ирнэ гэдгийг тооцож байсан болов уу?
-Мэдэж байсан, уг нь долдугаар сарын 1–ний хэрэгтэй холбоотой, хэрэг явдлын талаар нотлох баримт мэдэж байгаа бол хэлэх үүрэгтэй. Хэрвээ нуусан бол гэмт хэрэгтэн болох байсан. Тэр үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Д.Лүндээжанцан, С.Баяр нарын гишүүд, улстөрийн намуудын дарга нар мэдэж байгаа бүхнээ үнэн зөвөөр нь хэлэх ёстой. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх ёстой. Тийм учраас үнэн зөв юм ярьсныхаа төлөө, иргэнийхээ журамт үүргийг биелүүлснийхээ төлөө ийм аймаар дарангуйлалд орж болох уу. Би бүр энэ үйлдлийг хуульд юу гэж хэлдэг юм бэ гэдгийг асуугаад хэлж мэдэхгүй байна. Хүний араншид байхын аргагүй сонин юм болдог юм байна. Нэг хүнийг баривчлахад хэдэн зуун цагдаа хэрэгтэй юм. Тийм юм болсон Монголын төр байхгүй болжээ гэдгийг энэ үйл явдал харууллаа.
-Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр энгийн хувцастай маш олон хүн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж ярьдаг. Намынхаа гишүүдийг тийм хүмүүсээс ялгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хамгийн гол нь энэ. Манай бүх гишүүд мандаттай, шаардлагатай гэвэл нууцлалаа үзүүлнэ. Урьд шөнө ч гэсэн энгийн хувцастай маш олон хүн ирээд, буу дамжуулцгаасан. Бүр цагдаа нарт буу дамжуулаад байгаа байхгүй юу, үнэн аймшигтай. Хүчний байгууллага чинь гэмт хэрэг хийдэг байгууллага болчихсон юм байна. Н.Энхбаяр даргыг баривчлахын тулд өрөөнд нь 50, 60 энгийн хувцастай хүн орж ирж байгаа юм, нүүрээ алчуураар хагас халхалчихсан, юу болж байна аа гэмээр. Тийм учраас хүмүүсээ аравтын зохион байгуулалтад оруулж хяналтад аваад байна.
-Э.Амарбат дарга баривчлах бичгийг удаа дараа явуулсан гэж хэлээд байгаа. Та нар хүлээж аваагүй юм уу?
-Баричвлах бичиг явуулсан гэж бодохгүй байна. Тийм юм бол ерөөсөө явуулаагүй. Э.Амарбат чинь өөрөө хэлсэн ш дээ, тогтоол үйлдэх боломжгүй байна гэж… өчигдөр. Тэд нөхөөд биччихдэг юм шиг байгаа юм, ямар ч итгэл алга. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар 18.00-07.00 цаг хүртэл хүнийг баривчлах, байцаах, зэргээр шийтгэж болохгүй. Гэтэл энэ хуулиа зөрчлөө. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүнийг ингэж байгаа юм чинь жирийн иргэн бол юу ч биш юм байна гэдгийг өнгөрсөн шөнө харлаа, үзлээ, биеэрээ мэдэрлээ. Үнэн хэлэх үг олдохгүй байна. Арай ч иймдээ тулсан гэж бодоогүй.
-Тэгвэл 19.30 цагийн үед баривчлах гэж оролдохдоо захирамжаа үзүүлсэн юм болов уу?
-Үгүй захирамж харуулаагүй байсан, харин буугаа цэнэглэсэн байна лээ. Зургаан хүн очсоноос хоёр нь буугаа цэнэглэсэн байгаа юм.
-Гол нь эсэргүүцэл үзүүлснээс буу цэнэглэсэн юм болов уу гэдэг таамаглал бас байна л даа?
-Эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй, тийм завдал ч өгөөгүй юм билээ. Шууд газраар чирсэн шиг байгаа юм. Гэхдээ болж өнгөрсөн процессын талаар ТВ-9 телевизэд ярилцлага өгсөн.
-Та бүхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзана гэж байсан, хэзээ уулзах юм бэ?
-Жагсаалаасаа шууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзана.