NBA-гийн зургаан удаагийн аварга “Чикаго Буллз” “Дорнод” бүсийг 76 хувийн амжилттай тэргүүлж явна. “Бухнууд” энэ сард хоёр ялж, гурван удаа ялагдсан ч энэ нь тэднийг байрыг ухраасангүй. Учир нь “Чикаго”-гийн араас хүчтэй нэхэж байсан “Майами Хит” ялгаагүй тааруухан тоглож, гурван ялагдал хүлээсэн юм. Тэдний араас “Индиана”, “Бостон”, “Атланта”, “Орландо” яваа. Гараагаа тааруухан эхлүүлж хэл амны бай болоод байсан NBA-гийн хамгийн олон түрүүтэй “Бостон Селтикс” том багийн зангараг ямар байдгийг яруу тодоор харуулж, дөрөвдүгээр байрт дэвшлээ. Тэд сүүлийн дөрвөн тоглолтод “Индиана”, “Филадельфи”, ”Майами”, “Атланта” гэсэн бүсийнхээ шилдгүүдийг сөхрүүлсэн. Харин улирал эхэнд “Дорнод”-ын тэргүүн эгнээнд бичигдэж байсан “Орландо”, “Филадельфи” сүүлийн үед үзүүлсэн тааруухан тоглолтынхоо балгаар зургаа, долдугаар байр руу уруудлаа. Ялангуяа “Шидтэнүүд” “Супермэн” хочит Дуайт Ховардгүйгээр хол явах баг биш гэдэг нь илт. “Орландо” сүүлийн 10 тоглолтынхоо зургаад нь бүдэрсэн. Чансаа багатай “Детройт”, “Вашингтон”-д хожигдоод байгаа. Хэрэв тэд ингэж тогловоос плей-оффын нэгдүгээр шатанд “Чикаго”, “Майами”, “Бостон”-ы аманд очих магадлалтай. “Дорнод”-ын плей-оффт шалгарах сүүлийн байрын төлөө “Нью-Йорк”, “Милуоки” эцсийн мөч хүртэл тэмцэх нь. Харин алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы “Шарлотт Бобкетс” сүүлийн 13 тулаанд ялагдал хүлээснээр лигийн хомоол хамж явна. Тэд энэ янзаараа хоёр жилийн өмнөх “Нью-Жерси”-гийн анти рекордыг давтах магадлалтай.
Кевин Дюрант, Рассель Уэстбрук нарын супер одтой “Оклахома” дөрөвдүгээр сар гарснаас хойш дөрөв бүдэрснээр “Өрнөд”-ийн тэргүүн байраа “Сан-Антонио”-д алдах магадлалтай боллоо. Гэхдээ “Давируулууд”-аас хоёр хожлоор илүү байгаа. NBA-гийн дөрвөн удаагийн аварга “Сан-Антонио Спэрз” 11 тоглолтод дараалан ялсны эцэст “Юта Жазз”, “Лос-Анжелес Лейкерс”-т хожигдсон. Мягмар гаригт Солт-Лейк хотын багийн эсрэг тоглолтод “Сан-Антонио”-гийн ерөнхий дасгалжуулагч Грег Попович тун буруу шийдвэр гаргаж, багийн лидер Тони Паркер, Тим Данкан, Ману Жиноболи нарыг амраасан. Хэрэв тэднийг тоглуулж “Юта”-г хожсон бол өдийд “Оклахома”-гийн байрыг булаах боломжтой байлаа. Тэдний араас Лос-Анжелес хотын “Лейкерс”, “Клипперз” бичигдэж явна. Тэд энэ байраа сүүлийн тоглолт хүртэл хадгалах боломжтой. Үлдсэн дөрвөн эрхийн төлөө “Мемфис”, “Даллас”, “Денвер”, “Хьюстон”, “Юта”, “Финикс”, “Портлэнд” ширүүн тэмцэл өрнүүлсэн хэвээр. Үлдэж буй тоглолтод ялалт байгуулах хэн хэнд нь ялалт чухал.
“ӨДРИЙН ШУУДАН”