Увс аймгийн Улаангом суманд шавар хэрмэн хашаан дотор хуучны нэгэн сүм хоёр давхар цагаан байшингийн хамт бий агаад үүнийг Харлаг бэйсийн сүм байшин гэдэг байна. Дөрвөд аймгийн жанжин Далай ханы хөвгүүд нь Зоригт хан, Харлаг бэйс хоёр бөгөөд Харлаг бэйс нь бага наснаасаа лам болж Зоригт ханы хошууны Баян-Чандмань гэдэг газар буй Улаангомын хийдийн хүрээ хийдэд шавилан сууж байгаад хожим 1920-иод оны үед хар болон сумын даргын ажил хийж байжээ. Харлаг бэйс нь нутаг хошуу, сумын ард олондоо нэр хүндтэй, үнэнч шудрага, хувийн хөрөнгөнөөсөө өндөр настан хөгшдөд өглөг буян өгч тусалдаг хүн байсан ба 1913-1916 оны үед Улаангомын хүрээнд өөрийн хөрөнгөөр хоёр давхар байшин монгол, хятад дархчуудаар бариулжээ. Энэхүү байшингийн хийц хэлбэр нь Европ маягтай бөгөөд шавар дээвэр модон тааз, тоосгон ханатай давхар модон цонхтой, хээ угалз тавиагүй, цулгай цагаан шохойн будагтай байшин байна. Байшингийн дээд доод давхар цөм адил хийц хэлбэртэй, дээд давхарт гаднаас ирсэн хүмүүс байрладаг, нарийн модон вандантай, доод давхарт хятад маягийн халуун шавар ханзтай, дээд давхарт гадна талаас модон шатаар гардаг, харин Харлаг бэйс энэхүү байшиндаа хавар, намрын улиралд ээлжлэн суудаг байжээ. Байшингийн дэргэд хүнсний сангийн урт байшинг ердийн шавар тоосгоор бариулжээ. Тухайн үед хөдөө орон нутагт хоёр давхар европ хэлбэрийн барилга сүм хийдийн дэргэд зэрэгцэн оршиж байсан нь ховор бөгөөд уг барилга гаднах төрхөөрөө VIII Богдын өвлийн ордонтой төстэй юм.
Увс аймгийн портал сайт /www.west.mn/