Монгол Улсын 2010 оны хүн амын тооллогын дүнгээс харахад манай улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд байна. Монгол орон улс төр, эдийн засгийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих түүхэн үед төрж өсч буй залуусын үнэт зүйл, тэмүүлэл, хандлагыг харуулсан судалгаа хийх, улмаар тэдний өмнө тулгарч буй асуудлууд, санал бодол, дуу хоолойг тусгасан бүрэн хэмжээний бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага байгааг төслийн баримт бичигт дурдаж, уг төслийн үр дүнд залуучууд шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох чадавх нь нэмэгдэнэ гэжээ.
Шинэ үеийн залуучуудын төлөвшилд иргэний боловсрол нэн чухал үүрэгтэй бөгөөд үүнийг улс төрд орох, сонгуульд оролцох гэсэн явцуу утгаар ойлгох нь их, мөн иргэний боловсрол олж авах бололцоо тэдэнд хомс байна. Иймд иргэний боловсролын багш бэлтгэх, сургалтын гарын авлага олонтой болох гэх мэт асуудал ч чухлаар тавигдаж байна.
Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа бөгөөд энэ хугацаанд ардчиллын боловсролд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. Ардчиллын боловсрол нь иргэний боловсролын салшгүй хэсэг бөгөөд уламжлалт үнэт зүйлсийг ардчиллын үндсэн зарчим, хэм хэмжээгээр баяжуулан төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Энэхүү төсөлд АОХН-ийн дарга улсын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох ардчиллын боловсролын асуудлыг дотооддоо төлөвшүүлэх, АОХН-ийн Залуучуудын форумын үйл ажиллагаанд өөрийн орны залуучууд оюутнуудыг идэвхтэй оролцуулах, улмаар 2013 оны Улаанбаатарын сайд нарын бага хурлын үеэр Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ туссан байна.
2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн энэ төсөл хоёр жилийн хугацаатай хэрэгжинэ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.