НЭГ ЗААЛТ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД БИЙ
Хэдэн жилийн өмнө Чех улс түүх, соёлын 200 гаруй үнэт бүтээлээ богино хугацаанд алдаж байжээ. Гэтэл одоо нэг ийм төрлийн хэрэг огт гардаггүй болсон гэнэ. 200 гаруй түүх, соёлын бүтээлээ алдаж байсан тэр цаг үед Чех улс яг одоогийн манайх шиг улс түүх, соёлын дурсгалт зүйлсээ хадгалж, хамгаалж, хянаж, бүртгэж чаддаггүй байсан гэж холбогдох албаны хүмүүсээс сонслоо. Чех улс түүх, соёлын дурсгалт зүйлс, соёлын өвөө авч үлдэх гэж эрх зүйн орчноо маш сайн боловсронгуй болгосноор зорьсондоо хүрсэн гэнэ. Манай улс ч бас яг тийм шийдвэртэй алхам хийхгүй бол түүх, соёлын үнэт бүтээл, дурсгалт зүйлсээ хил давуулан алдаж нэг мэдэхэд ойд төөрсөн сармагчин лугаа адил түүх соёлын ямар ч өвгүй, ийм байлаа гэж бусдад үзүүлэх, бахархах юмгүй улс болох нь. Ийм аюулд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд манай улс Чехийн туршлагыг судлахад болохгүй гэх юмгүй гэдгийг цагдаагийнхан болон бусад холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Ингэхийн тулд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрхзүйн орчноо боловсронгуй болгох шаардлага нэн түрүүнд тулгарч байна. Хамгийн наад зах нь манай Эрүүгийн тухай хуульд түүх, соёлын хосгүй үнэт дурсгалыг эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хариуцлага хүлээлгэхээр ганц нэгхэн заалт байдаг нь бүх зөрчлийг хамарч чаддаггүй гэнэ. Энэ нь эртний булш, бунхан ухсан, хууль бус малтлага хийсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Яагаад гэвэл, манай улсад түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад оруулсан булш, бунхан байдаггүй аж. Тэгсэн хэрнээ Эрүүгийн хуулийн 210 дугаар зүйлд Байгалийн объектыг санаатай эвдэх, гэмтээх, устгах гэсэн зүйл ангийг хуульчилжээ. Хосгүй бүтээлийн жагсаалтад оруулсан булш, бунхан байхгүй байхад түүнийг эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хариуцлага хүлээлгэхээр заасан энэ заалт гэхэд амьдралд ямар ч үйлчлэлгүй юм. Зүгээр л цаасан дээр бичсэн зүйл болж байна.
Дахин давтагдашгүй, хэн ч дахиад хийж чадахгүй, олон зуун жилийг элээж байгаа бурхдыг харж хамгаалж байх ёстой эзэн нь бурхдаа хулгайлж оронд нь хуурамчийг тавьсан хэргийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар зүйлчлэн шүүж байгаа. Энэ зүйл ангиар яллавал хамгийн дээд тал нь 5-10 жилийн хорих ял оногдуулахаар заажээ. Гэвч ийм ял өгсөн практик байхгүй. Ихэвчлэн торгох ялаар шийтгүүлээд өнгөрдөг. Эрүүгийн хуульд хулгайлах, хуурамчаар солиход хүлээлгэх хариуцлагын санкц, зүйл заалт байхгүйгээс ийнхүү санаатай хулгайлж хуурамчаар сольдог хүмүүст д дэндүү хөнгөн ял оногдуулж байгаа юм. Хүний мууд дуртай биш, хосгүй үнэт зүйлсийг хувийн өчүүхэн шуналдаа хөтлөгдөн гадныханд зувчуулсан хүмүүсийг “эх орноосоо урвагч” гэж үзмээр.
ХАРУУЛ ХАМГААЛАЛТААР СОЛЬЁ
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгал, бүтээлийг манайхан музейд голдуу хадгалж байгаа. Гэтэл үүдэнд гэрээт хамгаалалт нэртэй нэг хүн орсон, гарсан болгоныг “гайхахаас” өөр ажилгүй жижүүрлэж суудаг. Бусад улс орнуудад харуул хамгаалалт нь орж, гарч байгаа хүмүүсийг нарийн хянаж, шалгадаг юм билээ. Хяналт, дохиолол нь ч дээд зэргийн. Музейгээс үзмэр аваад гарахад мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Зарим улс түүх, дурсгалын хосгүй үнэт бүтээлэээ төрийн хамгаалалтад байлгадаг гэдэг.
Өнгөрсөн жил Үндэсний түүхийн музейгээс Богд хааны үеийн тамганы хоёр хуулбар алдагдсан. Музей үзэж байсан хүн шилэн хорго хага цохиод авсан байдаг. Гэвч хулгайч нь одоо хүртэл баригдаагүй. Үзмэрт дохиолол тавиагүй, үүдний харуул хамгаалалт үүргээ сайн гүйцэтгээгүй, камер, хяналт байгаагүйгээс ийм хэрэг гарч, улмаар илрэхгүй байгаа гэж хуулийн хүмүүс хэлсэн. Дэлгүүрүүд хүртэл бараандаа дохиолол тавьдаг болсон байхад хосгүй үнэт бүтээлүүд манайд ийнхүү ердийн нэг хог шиг ил задгай байж, түүнийг нь шунаг сэтгэлтнүүд ядах юмгүй аваад гарчих нөхцөл бүрдсэн байна. Хосгүй үнэт түүх, дурсгалын зүйлсийн хадгалалт, хяналтыг хүний хүчээр биш технологийн хүчээр хийх болсныг удаа дараа гарч байгаа энэ мэт хулгайн хэргүүд харуулж байна. Уг нь бол одоо үед бүрэн бичлэгтэй камерийн хяналт, дохиоллын систем тавихад хэцүү биш болсон. Гагцхүү хариуцсан хүмүүст нь сэтгэл л дутаж байна гэхээс өөр яалтай. Ер нь хосгүй үнэт дурсгалыг өндөр хамгаалалттай газарт хадгалж, дуураймлыг нь хөдөө орон нутагт байлгах талаар төр засаг арга хэмжээ авахад ч буруудах юмгүй мэт. Өндөр гэгээн Занабазарын хэдэн бүтээл гэхэд л бидэндээ Луврын музейн үнэт зүйлс, эрдэнэсээс ч илүү үнэтэй баймаар санагдах юм. Тийм бүтээлүүдийг Эрдэнэзуугийн сан хөмрөгч мэтийн юу ч ойлгохгvй хүмүүсийг хамгаалж байгаа гэж орхичихоод, санаа амар суумааргүй байна.
ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООХ БОЛОМЖТОЙ
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл яг өнөөдрийн байдлаар 670 байгаа гэж холбогдох албаны хүн мэдээлэл өгч байна. Хосгүй үнэт гэдэг нь мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй гэсэн үг. Хосгүй үнэт дурсгалд Занабазарын бүтээл, бурхны дэлгэмэл зураг, археологийн ховор нандин олдвор, 13 дугаар зууны их, бага хаадын үеийн алтан, мөнгөн зооснууд гээд дахин давтагдашгүй олон сайхан бүтээл багтдаг аж. Энэ бүхнээ хадгалж, хамгаалж үлдэхийн тулд бүртгэл, судалгааг сайжруулах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Малын гарал үүслийн гэрчилгээ гэж байдаг шиг түүх, соёлын хосгүй үнэт дурсгал, соёлын өвд бүртгэж байгаа бүх бүтээлийг хувийн дугаартай болгох зэргээр маш сайн бүртгэлийн механизм яаралтай бүрдүүлэх шаардлагатай гэнэ. Дотооддоо хувь хүмүүсийн гараас гар дамжуулан худалдаалагдаж байгаа бүх бүтээлийг зөвхөн хувийн дугаартай тохиолдолд худалдан авах, худалдах тогтолцоог бий болгох зэргээр маш сайн бүртгэл, судалгаагаар хянавал бид түүх, соёлоо хамгаалж чадна. Ийм ажлыг хийдэг, хариуцсан газар байгуулахад ч болохгүй гэх юмгүй.
Манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хар тамхины аюулыг оруулаагүй мөртлөө соёлын аюулгүй байдал гэж оруулсан байдаг. Тэгсэн хэрнээ түүх, соёлоо хамгаалах ямар ч бодлого байдаггүй нь энэ салбарт төр ямар цалгар, назгай хандаж ирснийг харуулах биз ээ.
Манайд хөдөөгүүр байгаа эртний булш, бунханг бүрэн тоолж, тоог нь гаргасан юм байдаггүй гэж сонсогдлоо. Соёлын өвд багтдаг булш, бунханд дуртай цагтаа хэн хүссэн нь хууль бус малтлага хийгээд явдаг. Үүнийг хаа сайгүй л мэднэ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлаад өнгөрдөг болохоос. Тэгээд ч булш, бунханд нууцаар малтлага хийчихээд, дотроос нь гарч ирсэн эд өлгийн зүйлсийг авч ирээд ченжид өгөхөд ченж хариуцлага хүлээхгүй. Хуулийн зохицуулалт нь тийм. Тиймээс зөвшөөрөлгүйгээр, бүртгэлгүй эд өлгийн зүйлс худалдан авахгүй гээд хуульчилж яагаад болохгүй гэж.
ДУРСГАЛУУД БУУХ ЭЗЭН, БУЦАХ ХАЯГГҮЙ АЛГА БОЛЖ БАЙНА
Түүх, соёлын хосгүй дурсгалд заналхийлж байгаа нэг аюул нь гадныхан судална, үзэсгэлэн гаргана гэсэн нэрээр аваад явдаг асуудал. Хосгүй үнэт дурсгалыг авч явчихаад удаж, удаж буцааж авчирдаг. Ингэж удахдаа яг адилхныг дуурайлгаад хийгээд ирсэн байхад мэдэх хүн байхгүй. Холигдож, солигдож байна уу гэдгийг ч мэдэхгүй сууж байгаа. Зарим дурсгал бүр сураггүй алга болж байгаа гэлцэх. Дэлхийд түүх дурсгалын хосгүй бүтээлийн хууль бус, зохион байгуулалттай бизнесийн сүлжээ хүчээ авч, ашиг орлогоороо нэлээд дээгүүр байр эзэлдэг бизнес болон хөгжиж байхад бидэнд мэдэж байгаа ч юм алга. Аваад авъя, судлая гэсэнд нь өгчихөөд, эргүүлж авчирч өгөхийг нь хүлээгээд гараа хумхиад сууцгааж байна. Угтаа бол, заавал өгч явуулах шаардлагатай юм бол араас нь байн, байн очиж шалгаж байхад ч болохгүй гэх юмгүй болсон. Хосгүй дурсгалууд гадаадад гараад алга болсон, холигдож, солигдсон тохиолдолд буруутай хүнд хариуцлага хүлээлгэх асуудал ч өнөөдөр хуульчлагдаагүй. Гадаадад гаргахаар авч явсан зарим үзвэр буцаж ирэлгүй хоёр жил болж байгаа тохиолдол байна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Гадаадад гаргах үзэсгэлэнгийн хугацаа тэгж удаанаар тогтоодог гэнэ. Энэ хооронд гэрэл зургийг нь аваад, ном хэвлээд худалдаж байгааг мэдэх арга байхгүй. Уг нь тэр үзэсгэлэн, үзмэр дотор ховор нандин, дахин давтагдашгүй юм олон байгаа гэдгийг манай мяндагтангууд мэдэхийн дээдээр мэдэж байдаг баймаар юм.
Манай улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих, сэргээн засварлах нэрээр гэрээгээр, заримыг нь хулгайгаар гадаадад гаргасаар сураггүй болсон нь цөөнгүй. Одоогоос 15 жилийн өмнө Үндэсний номын санд хадгалж байсан үйсэн дээр бичсэн номыг ХБНГУ-д сэргээн засварлах нэрийдлээр гаргасан ч өнөөг болтол эргэж ирээгүй. Буцааж авах талаар тус улс руу холбогдох байгууллагаас албан бичиг явуулдаг ч хариу өгдөггүй гэнэ. Холбогдох байгууллагуудад ирсэн мэдээллээр үйсэн дээр бичсэн уг ном хаана, хэнд байгаа нь тодорхойгүй байгаа аж. Түүгээр зогсохгүй соёлын энэ чухал эх сурвалжийг сэргээн засварлах нэрээр авч явсан ХБНГУ-ын иргэний бие муу байгаа гэсэн мэдээллийг манайханд ирүүлжээ. Муугаар бодоход энэ номыг авч явсан хүн нас барчихвал манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл буух эзэн, буцах хаяггүй алга болох юм. Бид түүх, соёлын хосгүй дурсгалууддаа хайнга, назгай хандсаны гай өнөөдөр ингэж л нүүрлэж байна. Соёлын өв уствал үндэстэн оршин тогтнох уу. Улс эх орныхоо язгуур эрх ашгийг хадгалж үлдэе л гэж байгаа бол манай улс цаг алдалгүй түүх, соёлын дурсгалуудаа хадгалж, хамгаалж авч үлдэх тал дээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зэргээр маш их ажил хугацаа алдалгүй хийх шаардлагатай болжээ.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин