Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас дараах асуултуудад хариулт авлаа.
-Ашигт малтмалын салбарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн их маргаан, асуудалтай салбар хэмээн тодорхойлсон. Тэгэхээр энэ салбарт хийж эхэлсэн шалгалтдаа юуг анхаарч байна вэ?
-Энэ удаагийн шалгалт улсын хэмжээнд анх удаа хийгдэж буй томоохон ажил. Өмнө нь бид тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийг тойрч шалгалт хийдэг байсан. Улсын хэмжээнд ашигт малтмалын олборлолт явуулж байгаа газруудад хуулийн хэрэгжилт хэр байгаа, техник технологи, хайгуулалтын болон ашиглалтын явцтай танилцаж хаана нь ямар эрсдэл байгааг тодорхойлсон шалгалт өмнө нь хийж байгаагүй. Бид одоо үүнийг нарийн хянаж, шалгах болно. Мөн шат, шатны Засаг дарга нарын ашигт малтмалын чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, бодлогод үнэлэлт дүгнэлт өгнө. Дараагийн нэг чухал асуудал нь орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагч, геологи, уул уурхайн байцаагч нарын ажлыг давхар шалгана. Тусгай зөвшөөрөл авахдаа тухайн аж ахуйн нэгж ашиглалт явуулах газраа хуулиар хүлээсэн үүргийн дагуу нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээдэг ч төдийлөн хэрэгжүүлээд байдаггүй. Энэ үүргийг хэрхэн биелүүлж байгаатай ч мөн танилцана. Шалгалт энэ оны аравдугаар сарыг хүртэл үргэлжлэх байх. Тэр үед эцсийн дүгнэлт гарчихсан байна гэж бодож байгаа. Оны эцэст энэ салбарын үйл ажиллагаанд тодорхой үнэлэлт, дүгнэлт өгнө.
-Нийт хэдэн аж ахуйн нэгжийг хамрах бол?
-Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1096 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс 270 орчим нь үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг. Эдгээр компаниуд уулын ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлангаа манайд ирүүлдэг. Одоогийн байдлаар 123 аж ахуйн нэгж уулын ажлын төлөвлөгөөгөө ирүүлээд байна. Материалаа ирүүлсэн, ирүүлээгүй бүх газарт шалгалт хийнэ.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дангаараа шалгах уу?
-Манай газарт улсын есөн байцаагч байдаг. Бид тодорхой чиглэлүүдэд хуваагдан шалгалтаа явуулж эхэлсэн. Дээр нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт талтмалын газартай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Шалгалт өнгөрсөн сарын 15-нд Дорноговь аймгийн Айраг сумаас эхэлсэн.
-Айраг суманд хийсэн шалгалтаар тус сумын Засаг дарга нь “Янтай уул” ХХК-д дур мэдэн тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон хэмээж байгаа. Энэ үнэн үү?
-”Янтай уул” компани нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нэгжүүдээс бага агуулгатай жоншны хүдрийг авч, дахин боловсруулдаг юм билээ. Засаг дарга нь өөрийн мэдлээр тусгай зөвшөөрөл олгосон гэсэн нь ташаа мэдээлэл. Гэхдээ энэ компани шалгалтын явцад бусад төрлийн зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон.
-Өмнөх жилүүдэд нийтлэг ямар зөрчил илэрч, ямар арга хэмжээ авсан талаар тодруулахгүй юу?
-Уурхайд байнга байх ёстой бичиг баримтын бүрдэл дутуу, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, зураг төслийн нарийвчилсан үнэлгээнд заагдсан үүргийг биелүүлээгүй, нөхөн сэргээлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулдаггүй гээд нийтлэг зөрчил их гардаг. Мөн техникийн горим, аюулгүй ажиллагааны шаардлага хангах нөхцлүүдийг биелүүлээгүйгээс аваар осол гарах боломж бүрдсэн зөрчил ч илэрдэг. Уг зөрчлийг арилгах арга хэмжээг дор бүрт нь авч байсан. Улсын байцаагчийн өгсөн шаардлагыг биелүүлээгүй бол дараа дараагийн арга хэмжээг авдаг.
Улс төрийн тойм сонин