Цаасан мяралзаан буюу Cartoframma нэртэй инсталляци бол зураач Даниэле Папулигийн (Daniele Papuli) гайхалтай арт төсөл юм. Энэхүү нүсэр инсталляци 10.000 гаруй цааснаас бүтсэн бөгөөд тэдгээрийг онцгой аргаар нугалж, ороомгоор эрчилж, урлагийн галерейн шалан дээр гайхалтай давалгаалсан үзэмж бүтээжээ.
Цаастай ажилладаг зураачид сүүлийн үед нэлээн их болж байгаа. Гэхдээ бусад аль ч орон, хотын мэргэжил нэгт нөхөдтэйгээ ижилгүй сэтгэж, өвөрмөцөөр туурвидаг нь бол гарын хэдэн хуруунд л багтах болов уу. Тэдний нэг нь Даниэле Папули. Түүний чадамгай бүтээл нь үрчлээт гадаргуу ч юм уу, ямар нэг шингэн биетийн хий дүр харуулж байгаа нь нэн сонин. Хальт харваас, танхимд татсан торгон хөшиг мэт. Гэвч няхуур ажваас, эндүү төсөөлөл арилж, тархийг, юун түрүүнд, гайхшрал, бишрэл, хүндлэл эзэмдэнэ.
Даниэле Папули бүр 1993 онд Берлинд цаас бэлтгэх семинарт оролцсоноосоо хойш цаастай ажиллаж эхэлжээ. Тэгээд л барималч маань уран бүтээлдээ энэхүү нимгэн материалын хэлбэр, бат бөхийг турших болсон юм. Цаас бол энгийн атлаа туйлын эмзэгийнхээ хувьд ажиллахад маш хэцүү материал. Гэхдээ хөнгөн, уян чанараараа үнэнхүү гарт оромхой, онгод төрүүлдэг гэлцдэг.
Урлаачийн сайт дээр дан цаасаар хийсэн түүний бусад бүтээлтэй танилцаж болно.