Энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг шаардав

НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөний бүх нөхцөлийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хараахан биелүүлээгүй байгаа талаар Вашингтон хотод болж байгаа “Их найм”-ын уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэвлэлийн бага хурал хийлгэж, мэдэгдсэн байна.

Х.Клинтон “Сирийн хотуудын орон сууцны хорооллоос танк болон цэргийн хүнд зэвсэг хэрэгслийг гаргаагүй байна. К.Аннаны энхийн төлөвлөгөөний нэг зүйл нь орон сууцны хорооллоос хүнд зэвсэг хэрэгслийг гаргах юм. Энхийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхийг бид Башар Асадаас шаардаж, түүний эсрэг дарамт үзүүлэх болно” гэж онцолсон юм. Түүнчлэн тэрбээр “наймын” уулзалтад оролцож байгаа сайдууд болон бусад албаны хүмүүс К.Аннаны энхийн төлөвлөгөөг сайшааж байгааг тэмдэглэсэн байна.

Хэрвээ энхийн төлөвлөгөө хэрэгжиж, Сирийн дайчид болон босогчид галаа зогсоовол үймээнийг зохицуулахад чухал алхам болно гэж Х.Клинтон хэлжээ. Гэхдээ энэ бол зөвхөн анхны алхам юм гэж тэрбээр нэмж хэлээд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров мөн адил саналтай байгаа гэсэн юм.

Түүнчлэн АНУ-аас Сирид болж байгаа үйл явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглах бөгөөд Башар Асадын амлалтаа хэрхэн биелүүлэхийг харна гэж Х.Клинтон мэдэгдлээ. Башар Асад одоо эх орон ард түмнээ бодож, улс орондоо болж байгаа үймээн самууныг зохицуулахын тулд ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгөх хэрэгтэй хэмээн тэрбээр хэлсэн байна.

Сири улс руу олон улсын ажиглагчдын бүлгийг даруй явуулахыг Вашингтон дэмжиж байгаа бөгөөд Сирид эрх чөлөөт байдал тогтсоны дараа ажиглагчдын бүлэг очих боломжтой гэж Х.Клинтон хэллээ. Тэрчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг К.Аннаны энхийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхийг шаардаж байна гэжээ.

Мөн Сири Туркийн хилийн аюулгүй байдлыг НАТО хангах тухай саналыг Х.Клинтон огт үгүйсгэсэн юм. Сүүлийн өдрүүдэд Турк улс руу дүрвэсэн Сирийн иргэдийг Башар Асадын цэрэг дайчид буудсанд Анкара эсэргүүцлээ илэрхийлсэн ажээ. Энэ нөхцөл байдалд НАТО оролцохыг огт дэмжихгүй гэж Х.Клинтон нэмж хэлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж