”Чингис хаанаа үгүйлж байна”

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

”Чингис хаанаа үгүйлж байна”

“Үдшийн хэмнэл”-ийнх гэдгээр нь олон түмэн мэддэг болсон сэтгүүлч Б.Сарантуяа роман бичиж, номонд дуртай монголчуудынхаа оюуныг мялааж байна. Номынх нь хурим болсонтой холбогдуулж түүнтэй ярилцсан юм. Тэрбээр өөрийгөө зохиогч хэмээн тодотгож буй нь даруу агаад дахиад хэд хэдэн роман бичихээрээ зохиолч болно хэмээн хэтийн зорилго өмнөө тавьсан мэт санагдсан.  УБИС-ийн Утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн, яруу найргаар бол нэлээд хэдэн бүтээлтэй тэрбээр “Сорхугтани” анхны романаа хэрхэн бичсэн талаар нь сонирхлоо.

-Таны романыг хүмүүс хэдийнэ уншаад ярианыхаа сэдэв болгож байна. Сайхан бүтээл туурвисанд баяр хүргэе.

-Зохиолын гол үзэл санаа юу вэ?

-Баярлалаа эхлээд агуулгыг нь товч ярья. XIII зуунд Чингис хаан тал нутгийн монголчуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулан, Монголын бүх овог аймаг их хааны сүр хүчин дор нэгдэж байсан. Тэр цагт Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийнхөө хүслээр хаанд ирж, бага хүү Тулуйтай нь гэрлэж байгаагаар роман эхэлнэ. Гоо үзэсгэлэн төгс хэрэйд охин Сорхугтаний эгч Ибагаг мөн Чингис хаан өөрийн хатнаа болгон авах боловч, удалгүй аав нь хаан эзэнтэй дахин тангараг тасарна. Хоёр охиных нь нэрээр олон удаагийнх нь урвалтыг уучилсан Чингис хаан Сорхугтаний аав Жаха Хамбуг хөнөөж, эцгийг нь алсан хүнд эгчийг нь өгч, Сорхугтанийг өөрийн бэр хэвээр үлдээж байгаагаар зохиол үргэлжилдэг.

Энэ романд их эзэн Чингис хааны үеэс хойш, Мөнх хааны үе хүртэлх хагас 100 жил, Монголын нууц товчоо бичигдэж дууссанаас хойшхи түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбож харуулсан юм. Сорхугтани хатнаар дамжуулан Монголын түүхэнд төдийлөн дурсагдаагүй үлдсэн хатад, тэдний гаймшигт түүхийг өгүүлэхийг зорисон. Эзэнт гүрний нийслэл Хархорум тухайн үед хэрхэн дэлхийн хөгжил цэцэглэлтийн өлгий болж байсан хийгээд, өнөө хир тэрсэлдэн байгаа олон шашин Монголын тэнгэр дор хэрхэн эв нэгдэлтэй оршиж байсан үнэн түүхийг өгүүлсэн.

Сорхугтани хатны төрүүлсэн дөрвөн хүү цагийг эзэлсэн их хаад болж, алтан ургийн гинжин хэлхээг 400 жил залгуу­лан, Лигдэн хаан хүртэл үргэлжлүүлж, хожим түүний үр хүүхдүүдийн дундаас IV Далай лам, анхдугаар Богд Занабазар нар төрсөн түүхтэй. Газрын явдлыг таньж барсан түүний хөвгүүд тэнгэрийн явдлыг тольдон харахаар дэлхийн анхны одон орон судлалын төвийг өнөөгийн Ираны нутагт байгуулсан. Одоогоос ердөө 300 жилийн өмнө төрөөс ард түмний хүүхдийг сургуульд сургаж болох юм гэдэг шийдвэрийг гаргаж байсан бол, Сорхугтани хатан 800 жилийн өмнө Бухарад дэлхийн анхны сургуулийг бариулж, “Хатны сургууль” хэмээн нэрлэж байсан нь өнөө ч сүндэрлэсэн хэвээр байгаа. “Сорхугтани” романд энэ бүх гайхамшигт түүхийг өгүүлэх болно. Тус романыг “New Мind” компанийн захирал, хатагтай Г.Идэрмаа ивээн тэтгэж хэвлүүлж өгсөнд би маш их талархаж байгаа.

-Романаа бичих санаагаа яаж олсон бэ. Чухам яагаад хатны тухай сэдэв сонгов?

-Би XXI зуунд амьдарч байгаа шинэ зууны иргэн. Өөрөөр хэлвэл миний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо цаг. Өнөөдөр монгол хүн сайхан амьдрахыг хүсч байна. Улс орон минь амгалан байж, айх аюулгүй, дутах зүйлгүй тайван амьдрахсан гэж хүсдэг. Ингэж хүсэх бүртээ эх зах нь олдохгүй байгаа энэ улс оронд ид шид амилах мэт Чингис хаанаа дахин гарч ирэхийг хүмүүс үгүйлж байна. Тэр дахин төрөөсэй. Үгүйдээ түүн шиг нэг хүн гарч ирээд энэ улс орныг залаасай. Болохоо болиод байгаа энэ нийгмийн амьдралыг өөрчлөөсэй гэж хүсч байна.

-Таныхаар Чингис хаан гэж хэн байсан бэ?

-Түүний тухай өгүүлэх гадна дотны олон эх сурвалж, ном зохиол бий. Тэдний дундаас шүүрдэн их хааны оюун санааг хэрхэн өнөөгийн хүмүүсийн өмнө ил гаргах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Түүний оюун санааг ил гаргаснаар их түүхээсээ суралцаж болно гэж бодсон. Би эмэгтэй хүн. Тиймээс эр хүний өмнөөс бодох, сэтгэхэд амаргүй. Мөн хүний эцэг болж үзээгүй учир энэ жаргал хийгээд зовлонг мэдэхгүй. Харин тэр цагт зэвсэг барин дайтаагүй ч, их хаадын амсхийх чөлөөнд засгийг удирдаж байсан, тухайн үеийн дэлхий ертөнцөд оюун санааны дайн явуулж байсан ухаант хатдыг сонирхон судалсан. “Монголын нууц товчоо” зохиолын үндсэн суурь болсон эвлэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалыг хайрласан Алунгуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйн түүхийг сөхсөн. Харин энэ хатдын дундаас надад Сорхугтани хатны түүх хамгийн их таалагдсан тул цааш судалж эхэлсэн юм. Судлах тусам сонирхолтой санагдаж, бүдэг бадаг мэдээллүүдийг цааш хөвөрдөх, ургуулан бодох, хоорондоо зөрүүтэй эх сурвалжуудыг тайлах гэж тэмүүлэх нь амттай болж эхэлсэн. Эндээс л энэ роман төрөх эхлэл тавигдсан даа.

-Хэдий хэр хугацаанд судалж, ямар хугацаанд бичив дээ?

-Судлахад нэг их хугацаа зарцуулаагүй ээ. Гэхдээ  бага хугацаанд асар олон ном уншсан. Нимгэн, зузаан хорь гаруй ном уншсан. Заримыг нь бүтнээр нь заримыг нь өөрт хэрэгтэй гэсэн хэсгээ түүвэрлэж уншсан. Эндээс хатныхаа тухай ерөнхий ойлголтыг гаргаж аваад түүхэн цаг хугацаануудад тулгуурлан үйл явдлыг зохиомжилсон. Цаг хугацааны хувьд Сорхугтани хатан Чингис хааны бэр болж байгаагаас эхлээд түүний насан эцэс болж байгаа хүртэлх 50 гаруй жилийн хугацаа багтаж байсан тул эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын хагас 100 жилийг өгүүлэх хэрэгтэй болсон. Шинэ шинэ баатрууд нэмэгдэн гарч ирэх бүрийд тухайн хүний түүхийг дахин судлах гээд их ажил байсан. Бичихэд дөрөв, засахад хоёр сар зарцуулсан даа. Мөн холын хүнээс үг сонс гэдгийг санаж “Тасам” буюу “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Санчирыг зөвлөхөөр авсан.

-“Сорхугтани” бусад романаас онцлог болж чадсан уу. Сонирхолтой санагдаад байна?

-Өнөөдөр бид цаг хугацаа хэмээх хэнийг ч хүлээхгүй асар их хурдтай уралдаж явна. Хүмүүс ном унших дуртай байгаа хэдий ч хэт урт, нуршсан, үйл явдал, хэрхэх нь тодорхойгүй, сунжирсан ном зохиол уншихаас цааргалах болж. Уншигчдын шаардлага зохиолчдоос товч, тодорхой, ойлгомжтой, үйл явдал нь сонирхол татахуйц, цаашлаад дараа нь яах бол гэсэн хүлээлт үүсгэх, уншихад амар хялбар байх гэх зэрэг шаардлагыг хүсдэг  болжээ. Би энэ зохиолоо уншигчдад зориулж байгаа учраас тэдний шаардла­гыг харгалзан үзэх учиртай. Тиймээс энэ бүхнийг бодолцсон. Миний номыг нэг барьсан хүн хэрхэн дараа уншина гэж хойш тавихгүйгээр үргэлжлүүлэн уншиж дуусгах вэ. Хэрхвэл тэднийг эцсийн мөч хүртэл дагуулж чадах вэ, хэрхэн нуршихгүй хэр нь 400 гаруй хуудас роман болгох вэ гэдгийг бодож бичсэн. Мэдээж утга зохиолын онолоос гажихгүйгээр шүү дээ. Харин ном гарсны дараа миний эргэн тойрны хүмүүс дээд тал нь хоёр өдрийн дотор уншаад дуусгачихлаа гэж хэлж байгааг сонслоо. Ямартаа ч тэдний шаардлагад нийцсэн бололтой.

-Та телевизийн сэтгүүлч. Роман бичнэ гэдэг цаг зав барсан ажил байдаг. Ажлаа зохицуулах гээд асуудал их байсан байх даа…

-Телевизэд цаг нартай уралдаж ажилладаг. Миний хувьд энэ урлагт олон жил зүтгэж явна. Харин үндсэн мэргэжил минь зохиолч, утга зохиол судлаач. Өнөөдөр телевизүүд борооны дараах мөөг шиг олноор бий болж үзэгчдэд олон талын мэдээлэл хүргэж, энэ урлагт олон хүн хүчин зүтгэж байна. Харин цөөн хэдэн хүний нуруун дээр яваа утга зохиолын ертөнц, уншигч олон сайн зохиол, сайн зохиолчийг хүлээж байна. Унших хүн дэндүү олон, харин унших ном ховор байна. Цөөн хэдэн зохиолч хүрэлцэхгүй байна. Тиймээс өөрийн үүргийг ухамсарлаж үндсэн мэргэжлийн ажлаа хийхээр шийдсэн хэрэг. Хөтөлгөө морьтой явах нь буруу юу байх билээ. Телевиз бол залуу насны ажил гэж би боддог. Зүс царай минь гундаж, залуу нас минь барагдаж эфирийн шаардлага хангахгүй болох хүртлээ энэ ажлаа хийх болно. Харин зохиолчийн мэргэжил хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Толгой сэтгэж, гар хөдөлж байсан цагт хийсээр л байх болно. Энэ бол бахархалтай хөдөлмөр.

Р.ЖАРГАЛ
“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж