Увс аймгийн удирдлагууд ч дэмжиж байгаад баярлаж байна. Бусад аймгуудад очиход аймгийн удирдлагууд нь тэр болгон дэмжидэггүй. Энэ бол маш том давуу тал юм. Ард иргэдийнхээ арх ашгийг хамгаалсан хууль бидэнд хэрэгтэй. Эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хамгаалсан хууль бидэнд хэрэггүй. Хууль бол бурхны зарлиг биш гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Хуулиа өөрчлөхгүй бол бид өөрсдийг нь өөрчлөх хэрэгтэй. Бидний үр хойч онгойсон хар нүхэн дотор амьдрах учиргүй. Газар шорооныхоо төлөө та бүхэнтэй хамтран тэмцэнэ. Улаангомд очиж хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр хийх болно. Бид хуулийн хүрээнд шийдвэрлэж болохгүй байгаа зүйлийг хэлэлцээрийн журмаар шийдэх хэрэгтэй. Хэлэлцээр хийж маргаан үүсгэнэ. Маргаан үүссэн тохиолдолд тус компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болдог. Яагаад гэвэл маргаан шийдэгдсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломж нээгдэж байна гэсэн үг юм. Бид эхний ээлжинд маргаан үүсгээд дараагаар нь Эрдэс баялаг эрчим хүчний яамны үүдэнд ээлжит жагсаал цуглааныг зохион байгуулах болно. Лиценз цуцлахыг Д.Зоригт сайдаас шаардах болно” гэсэн юм.
Бөхмөрөн сумын иргэд МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нар ирсэнд маш их баярлаж,”Бидний тэмцэл ялалтад хүрэх юм байна. Аав, ээж маань хүрээд ирсэн юм шиг сайхан сэтгэгдэл төрж байна. Сэтгэл огшоод сайхан байна. Саяхан аймгаас холбогдох албан тушаалтнууд ирж бидний тэмцлийг нухчин дарах гэж оролдсон. Бид түших тулах хүн, очих газар, хандах хүнгүй болсон мэт санагдаж байлаа. Бид цааш нь үргэлжлүүлэн тэмцэх болно.
Та бүхэнд маш их баярлаж байна гэсэн юм. Үнэхээр л аавыгаа харсан хүүхэд шиг омогших нутгийн малчин ардын газар нутгаа хайрлан хамгаалах, өвөг дээдсээ хүндлэх, газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байгаа эх орноо гэсээ энэ сайхан сэтгэлийг нь төрийн түшээд хууль санаачлагчид нэг бодож үзээч. Бид малчин удамтай, Монголчууд шүү дээ. Нэг багийн нутагт арван км-ийн радиус бүхий газар 6-гийн зургаан уурхай нэг ижил үйл ажиллагаа явуулж байна гээд та бүхэн төсөөлөөд үзээрэй. Мөн эмх замбараагүй олгосон энэ олон лиценз чинь малчдын сайн сайхан аж төрөх, малаа маллах бэлчээр, ус ургамлыг нь сүйтгэж, малчдыг малжуулах биш, үгүйрүүлэн, хоосруулах бодлого болоод байгаа юм биш үү. Ард түмний төлөө гаргах шийдвэрээ хэн нэгэн эрх мэдэлтний төлөө гаргахыг барьцаалагдсан төр гэж тодорхойлдог юм байна лээ. Монголын төр яг ийм байдалд орсонд иргэн хүний хувьд харамсч байна. Өвөг дээдсийн минь цусаа урсган байж бидэнд үлдээсэн энэ их баялаг, газар шороог харийнхан сэндийчэж, өвгөдийн минь ясыг өндөлзүүлэх байсан юм бол тэр олон арван мянган аавын хүү, бидний өвөг дээдэс цусаа дэмий урсгасан болж таарч байна уу? Хуулиар хамгаалуулсан хуягт танкийн эсрэг Бөхмөрөнчүүд тууштай тэмцэнэ” хэмээн иргэд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэжээ.