АНУ болон өрнөдийн орнууд Умард Солонгосыг алсын тусгалт пуужингийн технологийг туршиж, НҮБ-ын шийдвэрийг зөрчих гэж байна гэж буруутгасан юм. Умард Солонгос хиймэл дагуулын пуужинг өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07:39 минут, Гринвичийн цагаар пүрэв гаригийн 22:39 цагт хөөргөсөн гэж БНСУ-ын албаны хүмүүс мэдээлжээ. Япон болон БНСУ пуужин хэрэв өөрсдийнх нь нутаг дэвсгэрийн хилийг зөрчвөл устгана гэж мэдэгдсэн. Гэвч Умард Солонгосыг пуужин хөөргөхийг анхааралтай ажиглаж байсан хөрш зэргэлдээ орнууд пуужин унасныг баталж байна. БНСУ, АНУ-ын тагнуулын албад ч мөн Умардын пуужин хөөргөх төлөвлөгөө амжилтгүй болсон гэж баталж буйг БНСУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ким Мин-Сук мэдэгджээ.
Японы Батлан хамгаалахын сайд Наоки Танака пуужинг унасныг баталж, өөрсдийн нутаг дэвсгэрт ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдэгджээ. БНСУ-ын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар пуужин Солонгосын хойг дахь Кунсан боомтын ойролцоо унасан бололтой. Пхеньяний эрх баригчид ард иргэдээ өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэнийг үл тоон олон жил боловсруулсан цөмийн болон алсын тусгалт пуужингийн туршилтаа зогсоож хариуд нь хүнсний тусламж авахаар АНУ-тай өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээ хийсэн юм. Гэвч Умард Солонгос хиймэл дагуулын пуужин хөөргөхөө мэдэгдсэнээс хэлэлцээ бүрхэг болсон. Умард Солонгос 2009 онд алсын тусгалт пуужин туршсанаас цөмийн асуудлаарх олон талт хэлэлцээ зогссон билээ.