Гадаад “шок”-ын гай буюу зэсийн үнээс үүдсэн төсвийн айдас

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Гадаад “шок”-ын гай буюу зэсийн үнээс үүдсэн төсвийн айдас

Төсвийн тодотголыг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж, эхнээсээ дэмжиж байгаагаа илэрхийллээ.  Энэ оны төсвийг батлахдаа нэг тонн зэсийг 5800  алтыг 900 ам.доллараар тооцож баталсан.  Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш эрчимтэй буурч байгаа. Өчигдрийн байдлаар, Лондоны металлын бирж дээр нэг тонн зэс 7067.5, алт 1185 ам.долларын ханштай байв. Цаашид зэсийн үнэ огцом буурахгүй, харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн таамаглалыг Сангийн сайд С.Баярцогт дэвшүүлээд байна.
УИХ дахь АН-ын бүлэг төсвийн тодотголыг дэмжихдээ зэсийн үнийг одоо байгаа дундаж үнээр нь тооцож батлаад зөрүүг төсвийн орлогод үлдээе гэж шийджээ. Мөн Төсвийн тогтворжилтын тухай хуулийн дагуу дээрх зөрүү мөнгийг “Хүний хөгжлийн сан”-д төвлөрүүлж хөрөнгө оруулалтад зарцуулна. “Ирэх аравдугаар сараас эхлэн  цалин, тэтгэвэр нэмэх болсон учир зэсийн үнийг одоо байгаа зах зээлийн бодит орлогоор тооцох нь зүйтэй” гэдэг дээр УИХ дахь намын бүлгүүд тохироод байгаа гэнэ.  
Гэвч дээрх  мөчлөгийн  шийдлийн цаана зэсийн үнийг доогуур баталж, дэлхийн зах зээл дээр ханш нь чангараад “мөнгө унавал” нийгмийн халамжийн чиглэлээр зарцуулах нэг л сонирхол дээр нэгдэж байгаа нь харагдаж байна. Энэ бол “Голланд өвчин”-ий эхний шинж тэмдэг. Үүнд нэрвэгдэхгүй байхыг Монголд санаа зовинсон дэлхийн эдийн засагчид эртнээс анхааруулсаар байгаа. Олон улсын санхүүгийн зохицуулагч өнгөрсөн оны аравдугаар сард Монголд ирж, төсвийн тогтворжилтын талаарх Чили улсын туршлагыг танилцуулсан. Тус улс 2010 оны макро эдийн засгийн төсөөлөлдөө зэсийн үнийг 5860 урт хугацаанд 4690 ам.доллараар тооцсон байна. Чили улс эдийн засгийн хөгжлийн хувьд Монголтой олон талаар төстэй, бас манай хоёр орны экспортын орлогын гол эх үүсвэр дэлхийн зах зээл дээр ямар ханштай байгаа нь ч ижил. Тиймээс Монголын парламентын гишүүд удаа дараа газар дээр нь очиж судалж байсан. Харамсалтай нь ирсэн хойноо өөр шийдвэр гаргадаг. Тэдний манайхаас ялгагдах гол онцлог нь богино хугацаанд зөв бодлогоор явсны үр дүнд тус улсын Засгийн газар  зээлдүүлэгч болж, сайн цагт хуримтлуулсан хөрөнгөөрөө хэцүү цаг үеийн бэлтгэлээ хангаж сурсан байна. Хууль эрх зүйн орчин нь ч сайн. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид Чилийг “найдвартай, аюулгүй улс орон” гэж үнэлдэг. Эрсдэлийн үнэлэмжийн хувьд энэ бол сайн үзүүлэлт. Нөгөөтэйгүүр Чили зэсээс олсон орлогоо хэрхэн зарцуулах талаар манайхаас түрүүлж алдаж үзээд, онож эхэлж яваа гэдгийг санах хэрэгтэй. Үүнд Чилийн амжилтын үндэс болсон “Тогтворжилтын сан” гэдэгт нь гол учир байна. Энэ талаар манай улстөрчид саяхнаас ярьж эхэлсэн. Чили улс 2006 оны наймдугаар сард Төсвийн хариуцлагын тухай хуулиа батлахдаа төсвийн нэмэлт эх үүсвэрийг удирдах зорилгоор “Үндэсний баялгийн сан” байгуулжээ. Энэ сангийн гол зорилго нь төсвийн зарцуулалт, ялангуяа нийгмийн зардлын хэлбэлзлийг багасгах, төсвийн бодит орлогыг тодорхойлох эдийн засгийн үйл ажиллагааны мөчлөгийн огцом өөрчлөлт, зэсийн үнэ болон хувьсах бусад хүчин зүйлээс түүний хамаарлыг бууруулахад чиглэдэг ажээ. Тэр тусмаа эдийн засаг, нийгмийн “Тогтворжилтын сан” нь 2007 онд байгуулагдсан бөгөөд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын өрийг багасгахад голчлон ашиглагддаг байна. Харин Тэтгэврийн нөөцийн сан 2006 онд байгуулагдсан бөгөөд бие даасан асуудал хариуцдаг. Өөрөөр хэлбэл, нэгдсэн суурь тэтгэврийн болон тэтгэвэрт гарсан  орлого багатай хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийг төлөх талаарх Засгийн газрын баталгааг санхүүжүүлдэг байх юм.
“Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь хаврын чуулганаар амжиж хэлэлцэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа. Энэ хуулийг баталснаар төсвийн тодотгол гэгчийг үгүй хийх ажээ. Ингэснээр үнийн өсөлтөөс бий болсон орлогоо Тогтворжилтын санд шилжүүлээд орлого өсөхийн хэрээр зардлаа нэмэгдүүлэхгүй байх тогтолцоонд шилжинэ. Тиймээс энэ хуулийг л батлаад өгвөл “Голланд өвчин”-д нэрвэгдэхгүй байх үндэстэй” гэж Сангийн сайд С.Баярцогт ярьж байна.
Ямар ч байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдвал дээрх зорилгоо хангаж ажиллаж байгаа эсэхэд нь хяналт тавих, хариу нэхэх барьцтай болох ажээ. Нөгөөтэйгүүр үнэхээр орлого өссөний хэрээр зардлаа нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт итгэхэд бэрх ч чихэнд чимэгтэй сонсогдож байгаа юм. Энэ бол том ахиц гэдгийг хүлээн зөвшөөрч дэмжих хэрэгтэй.
Дэлхийн банкнаас манай улсын 2009 оны эдийн засгийн байдлыг судлан дүгнэхдээ “Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас бий болсон ашигт малтмалын үнийн уналт болон гадаад эрэлтийн огцом бууралт нь Монголын эдийн засагт маш хүчтэй цохилт болсон. Энэхүү гадаад цочрол нь төсвийн болон гадаад худалдааны алдагдал, банкуудын тайлан тэнцлийн чанарт буй болсон огцом доройтлоор эдийн засаг болон бодлогын орчинд байсан сул талуудыг илрүүллээ” хэмээсэн байдаг.
Харин ирэх жил ийм үнэлгээ авахгүйн тулд Монгол Улс Тогтворжитын сан, түүний хуультай, зэсийн үнийн зөвлөлдөх хороотой болсон байх хэрэгтэй. Ингэснээр төсвийн бодлогын бүтцийн тэнцлээ  тодорхойлохдоо эрсдэлээ зөв  тооцоолж чаддаг болно. Эдийн засгийн үйл ажиллагаа саарсан, зэсийн үнэ буурсан, хөрөнгө оруулалтын өгөөж таамаглаж байснаас багассан үед энэ тооцоо аминд орж, улмаар Дэлхийн банкны нэрлэсэн “сул талууд”-ыг арилгах боломжтой болох юм.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хуулийн хэрэгжих хугацаа ердөө зургаахан сар гаруйн дараа төгсгөл болно. Цаашид бодит ашиг, орлогоо зөв тооцож, хуваарилж амьдрахаас биш “луйврын замаар” буюу гэнэт хууль санаачилж, ашгийг нь мөлжих бохир аргаас татгалзах хэрэгтэй болох нь. Ингэж ажиллахын тулд хуулийн зохицуулалт сайтай байхыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байна.
Үндэсний баялгийн сан, Тогтворжитын санг зөв хуультай болгож, зөв хүмүүс ажиллуулбал Монгол Улсад Чилийн нэгэн адил зээлдүүлэгч орон болох, гадаадын хөрөнгө оруулагчдаас “найдвартай, аюулгүй” гэсэн үнэлгээ авах боломж ойрхон ажээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард Монголбанк, Сангийн яамнаас хамтран зохион байгуулсан “Экспортлогч, импортлогчдын хоёрдугаар зөвлөгөөн”-өөс ийм дүр зураг харагдсан. Уг зөвлөлгөөнд оролцсон аж ахуйн нэгжүүд, арилжааны банкныхны хүрсэн гол шийдвэр нь Монголбанктай мэдээлэл солилцох гэрээ байгуулан, гадаад зээлийн мэдээгээ үнэн зөвөөр гаргаж өгч байя гэсэн. Ийм хамтын ажиллагааны дүнд хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулахгүй нь лав.
Харин дотооддоо төсвийн алдагдлаа хүч, залиар бус, бодлогоор тогтоон барихаас өөр замгүй. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд хийх ажлын хамгийн эхний алхам бол нийгмийн халамжийн зардлыг бууруулдаггүй юм гэхэд нэмэхгүй байх явдал. Гэтэл энэ талаар нааштай алхам харагдахгүй байна. Одоо хэлэлцэх гэж буй төсвийн тодотголд мөнөөх л “зүсээ хувиргасан” 76 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгийг “Хүний хөгжлийн сан”-гаас гаргуулчих юмсан гэсэн мөрөөдлүүд бий.

Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж