МАХН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр Хүний эрхийн хуульч, МАН-ын Бага хурлын гишүүн М.Ичинноров оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрбээр МАН-д гишүүнээр элссэнээ алдаа байсан гэж хэлээд, намын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдлээ. Ийм сонголтыг тэрбээр аль хэдийнэ хийсэн байсан, харин татгалзахаа мэдэгдэхийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагууд хэрцгийгээр явуулж хүний эрхэнд бүдүүлгээр халдсан нь байр сууриа илэрхийлж, Н.Энхбаяр даргыг суллуулахын төлөө өнөөдрөөс эхлэн тэмцэлд орж байна гэж хэллээ. Мөн иргэдийн зүгээс түүн рүү утасдаж МАН-аас гарахыг шаардсан байна. МАН-аас гарах гишүүдийн тоо тав, зургаан гишүүнээр хязгаарлагдахгүй зуугаар яригдана хэмээн тэрбээр тодотголоо. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан нь долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой 300 гаруй хуудас материалыг өчигдөр хэвлэлийнхэнд тараасантай холбоотой гэж тэрбээр мөн онцоллоо. Үнэхээр энэ хүнийг баривчлах байсан бол гурван сарын өмнө Авлигатай тэмцэх газраас энэ ажиллагаагаа явуулах байсан. Гэтэл чоно борооноор гэгчээр шөнө дөлөөр, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчин, биед нь халдаж, ийм бусармаг үйл ажиллагааг явуулсанд гүнээ харамсч байна хэмээн мэдэгдлээ.
Г.Дарь