Урлагт хүн бүхэн хайртай. Гэвч урлаг авъяастайд нь илүү хайртай

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Урлагт хүн бүхэн хайртай. Гэвч урлаг авъяастайд нь илүү хайртай

Өнгөрсөн долоо хоногт “Холливуудад хүрэх тасалбар” реалити шоуны оролцогчид “Миний мэдэхгүй Улаанбаатар” сэдвээр аймшгийн төрлөөр гурван минутын зохиомж хийн өрсөлдөж, “A-artist”-ын найруулагч Алтантуяа энэ долоо хоногийн даалгаврын ялагчаар тодрон ивээн тэтгэгч  "Global Electronics" группийн худалддаг бараа бүтээгдхүүнээс 700,000 төгрөгний сонголт хийх эрхээр шагнууллаа. Харин даалгаврыг хангалтгүй хийлээ гэж гурван шүүгч хэлэлцээд “Next star” студийн Н.Ариунцог найруулагчийг тэмцээнээс хассан. Өрсөлдөөн ч ширүүсч найруулагч нарын бүтээл улам л чангарсаар байна. Тус даалгаврыг оролцогч зургаан найруулагчид өөр, өөрийн өнцгөөс харж, тэдний сэтгэлийг зовоож буй аймшиг энэ хотын хаана хэрхэн байгааг чадварлагаар дүрслэн үзүүлсэн.
Шүүгчдийн зүгээс  АНУ-ын элчин сайдын яамны соёл урлагийн хэлтэстэй хамтраад энэ долоо хоногийн даалгаварт зургаадугаар сарын дөрвөнд АНУ-н элчингийн соёлын арга хэмжээний хүрээнд Монголд ирэх гэж байгаа “Оzomatli” хамтлагийн 30 секундын шторкийг хийх байлаа. Энэ тийм ч амар даалгавар биш гэж тэд ам амандаа ярилцан уг хамтлагийг мэдэх, таних хүний эрэлд гарцгаасан юм.
Харин тэд энэ даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг өнөөдрөөс бүтэн сайн өдрийг дуустал өдөр бүр 19.00 цагаас “В.”телевиз, “Eagle” телевизээр хүлээн авч үзээрэй. Энэ долоо хоногт хэний баг түрүүлж , ямар найруулагч нэвтрүүлгийг орхих бол оо.
Энэ удаад тус шоуны ерөнхий зохион байгуулагч “X-entertainment” студийн захирал Б.Батхуягтай ярилцлаа.

-Сүүлийн үед телевизийн урлагт реалити шоу хүч түрэн орж ирсэн. Энэ реалити шоуны онцлог давуу тал нь юу вэ?
-Тийм ээ, сүүлийн үед реалити шоу ихээр гарах болсон. Гэхдээ шоу бүр өөр, өөрийн гэсэн ач холбогдолтой байдаг. Манай “Холливуудад зорчих тасалбар” реалити шоу ч гэсэн өөрийн ач холбогдолтой. Юу вэ гэхээр телевизийн болон дэлгэцийн урлагт ажиллаж буй найруулагч нарын ур чадвар ерөнхийдөө ямар төвшинд байгаа вэ, юу сэтгэж, хийж чадаж буйг харуулж байгаагаараа онцлог давуу тал нь оршиж байгаа болов уу гэж бодож байна.
-Найруулагч хүн бусдаас нэг алхмын өмнө байх ёстой байх. Мэргэжлийн уран бүтээлчид оролцож буйн хувьд шалгуур өндөр байх нь мэдээж, шоуны шалгуурын талаар ярихгүй юу?
-Энэ шоунд гүйцэтгэгч байгуулагуудаас нэг ч шүүгч оролцоогүй. Дан мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид ажиллаж байгаа. Шалгуурын хувьд мэдээж маш нарийн ур чадварыг шаардана. Хүн бүр тэр тусмаа найруулагч хүн бүр өөр, өөрийн ертөнцтэй учир шалгаруулахад түвэгтэй. Ямар ч уран бүтээлч өөртөө бүтээл хийдэггүй шүү дээ. Үзэгч түмэндээ зориулж хийдэг болохоор үзэгчдийн санал, мэргэжлийн шүүгчдийн саналаар шилдгүүд нь тодрох болно. Найруулагч хүн мянган хувь бодож байж зуун хувь бүтээлээ гаргаж авах хэрэгтэй л дээ.
-Та өөрөө найруулагч хүн. Тэгвэл таны бодлоор өнөөгийн дэлгэцийн урлаг ямар хэмжээнд явна гэж боддог вэ?
-Үүнийг үзэгчид маань л хэлэх байх даа. Найруулагч, уран бүтээлчид бүтээлээ туурвихдаа өөр өөрийн өнцгөөс хардаг учир сайн, муу найруулагч, уран бүтээлч гэж хэлэхэд хэцүү. Миний хүсэл бол гадаадын уран бүтээлчидтэй манай Монголын уран бүтээлчид хамтарч ажиллаасай гэж боддог. Мөн манай уран бүтээлч нар Холливуудаар аялж туршлага судлах нь нэг алхам урагшлах зам нээгдэж байгаа хэрэг юм л даа.
-Энэ шоунд өрсөлдөж байгаа багуудад хандаж юу гэж хэлмээр байна?
-Нийт найруулагч нартаа нэвтрүүлэгт хүч, оюун ухаанаа сорин оролцож амжилт гаргахыг хүсч байна. Урлагт хүн бүхэн хайртай ч урлаг авъяастайд нь илүү хайртай байдаг юм шүү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж